Г.Баярсайхан байнгын хорооны ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан байнгын хорооны ажлаа тайлагнав

УИХ-ын хавар, намрын ээлжит чуулган завсарласны дараа Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ дагуу 2013 оны УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороод ажлаа тайлагнаад байгаа бол УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тайлангийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганы тайлангийн хугацаанд тус Байнгын хороо 55,8 хувийн дундаж ирцтэйгээр 11 удаа, 22 асуудал хэлэлцсэнээс хууль тогтоолын төсөл тав, хяналт шалгалтын ажил хоёр, тайлан мэдээлэл есийг хэлэлцүүлсэн байна. Дээр дурдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдэд нийт зургаан санал, дүгнэлт, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулга нэгийг шийдвэрлүүлжээ.

Мөн Байнгын хорооноос нийт 56 албан бичиг явуулж тайлангийн хугацаанд 11 тогтоол гаргасан бөгөөд ажлын хэсэг нийт 16 удаа хуралджээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон сумдад, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагаануур, Шаамар сумдад газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, хүнсний захууд, мал нядалгааны газрууд, мах боловсруулах үйлдвэр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн үйл ажиллагаанд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтйн байдалтай газар дээр нь танилцсан байна. Шалгалтаар ажилласан орон нутагт үйлдвэрийн дотоодын лабораторид шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж, тестүүдийн хангалт, техник тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, хүнсний үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн хангамж, засвар үйлчилгээ хийх мэргэжлийн байгууллага байхгүй байгааг тогтоожээ. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторит антибиотикийн үлдэгдэл тодорхойлох, хор судлалын шинжилгээ, хүнд металлын шинжилгээ хийж багаж тоног төхөөрөмж, эм урвалж, зориулалтын байртай байх шаардлагатай гэж үзсэн байна.

Түүнчлэн тус Байнгын хороо “Мазаалай баавгайг хамгаалах асуудал”, “Газрын тухай хуулийн төслийн талаар газрын бодлого, түүний удирдлагын тогтолцоо, газар эзэмшүүлэх, ашиглах, хамгаалах эрх зүйн зохицуулалтын онцлог, газрын улсын бүртгэл “сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох яам, агентлаг, салбарын төлөөлөл, эрдэмтэн багш, судлаач нарын санал бодлыг сонсчээ.

Мөн Байнгын хорооны даргад иргэд, байгууллагаас 42 албан бичиг, гурван өргөдөл, гомдол ирүүлсний хариуг бэлтгэж холбогдох байгууллага, иргэдэд явуулж, Байнгын хорооноос нийт 86 хуудас бүхий 45 албан бичиг явуулжээ. Дээрх гурван өргөдөл, гомдлын хоёр нь Газрын тухай хуулийн төсөлтэй холбоотой санал, нэг нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдээс ирүүлсэн хүсэлт байсан аж. Тайлангийн хугацаанд дэд ажлын хэсэг нийт найман удаа хуралдсан гэж УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ажлаа тайлагналаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж