Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Ёкозуна Хакухо М.Даваажаргал Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 26 дахь түрүүгээ авлаа.

Нагоя башёгийн сүүлийн өдрийн барилдаанд нутгийн дүүдээ өвдөг шороодсон ч Монголоос төрсөн анхны ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтийг ахиул­сан түүн­ийг сумогийн түүхэнд гуравт бичиг­дэх амжилтын эзэн болсныг Сумо­гийн холбоо хүлээн зөвшөөрсөн юм.

Сонирхуулахад тэрбээр одоогоос гур­ван жилийн өмнө мөн л нагоя башёд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлсэн ч эзэн хааны цомыг авч чадаагүйдээ нулимс унагаж зогссон билээ. Тухайн үед “даваа наймаалцсан” гэх хэргийн улмаас 25 сумочийг огцруулж хару башёг цуцалж нацү башёг хийхгүй байхаар ший­дсэн юм. Ингээд долоодугаар сард нь нийт бөхчүүдийн чансааг тодорхойлохоор сорилго барилдаан зохион байгуулж байсан. Түүнээс хойш гурван жил өнгөрч, манай Хакухо ч амжилтын эрчээ бууруулаагүй төдийгүй нутаг нэгт дүү нараа манлайлсаар ийн­хүү түүхэн амжилтын шинэ эзэн болж чадлаа.

Эдүгээ түүний өмнө 32 түрүүтэй Тайхо, 31 түрүүтэй Чиёнофүжи нар “хүлээж” буй. Тэдний өмнө Монгол аваргын хүү Хакухо М.Даваажаргал жагсах өдөр холгүй байж мэдэх ч үүний тулд их хэмжээний хөлс, хүч шаардах нь тодорхой.

Ийнхүү олимпийн аварга, жүдоч Н.Түвшинбаяр үндэсний бөхөөс харцага цол хүртэж, өнөө жилийн наадмаар шинэ аварга төрсөн их баяртай зэрэгцэн сумогийн дэвжээнд түүхэн амжилтын шинэ эзэн тодорсон сайхан жил болж байна.
 

У.ОРГИЛМАА

Эх сурвалж: http://ipost.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж