Жил бүрийн зуны халуун өдрүүдэд зохион байгуулагддаг олон улсын шаврын наадам “Boryeong Mud Festival” энэ сарын 19-нд уламжлал ёсоор Өмнөд Солонгосын Өмнө Чүнчоны Бурёнг далайн эрэгт нээлтээ хийжээ. Жил бүр энэхүү наадамд оролцохоор олон мянган жуулчин тус улсыг зорьдог байна. Өнгөрсөн жил л гэхэд тус наадамд гурван сая хүн оролцсон нь хамгийн их хүн хүрэлцэн ирсэн дээд амжилтыг тотоожээ.
Харин энэ жилийн хувьд гадаадын 300 мянган жуулчид ирэх тооцоотой байгаа бөгөөд энэ нь өмнөх оныхоос 22 мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм. Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагуудын дамжуулснаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн жуулчид аль хэдийн Бурёнгийг зорьж энэ чиглэл дэх галт тэрэг жуулчдын хөлд дарагдаад байгаа гэнэ.
Наадмын үеэр хүмүүс 60 нэр төрлийн уралдаан тэмцээн, хөгжилтэй тоглоом, шавраар урлах, төрөл бүрийн өнгөтэй шавартай усанд тоглох зэрэг олон хөтөлбөрүүдэд хамрагддаг байна. 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй наадам энэ сарын 28 хүртэл үргэлжлэх юм байна.