Өчигдөр буюу 7 дугаар сарын 22-ны өдөр Монголбанкнаас Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлэх шийдвэр гаргасан. Хадгаламж банкны харилцагчдын хувьд энэ мэдээг сонсоод хадгаламжиндаа санаа зовсон нь мэдээж. Миний бие мөн хадгаламж банкинд данстай, хэдэн төгрөгний хадгаламжтай тул мөн л битүүхэн эмзэглэж байлаа. Өчигдөр Монголбанкнаас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Иргэдийн харилцах, хадгаламжийг ямар нэгэн эрсдэлгүй тэр чигээр нь Төрийн банкруу шилжүүлж байгаа” гэсэн мэдээлэл хийсэн бөгөөд уг шийдвэр нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийг эрсдэлээс хамгаалсан, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах чухал шийдвэр гэдгийг онцолж байсан. Үнэхээр амжиж уг шийдвэр гаргаагүй бол хадгаламж эзэмшигчдийн хувьд эрсдэл хүлээх байсан ч байж магадгүй юм. Жирийн иргэний нүдээр харахад банк татан буугдсан шалтгаанаас илүүтэйгээр 1.7 сая хэрэглэгч, харилцагчдын хөрөнгө мөнгийг ямар ч эрсдэлгүйгээр шилжүүлэх шийдвэр гаргасан нь хамгийн зөв сонголт боллоо. Мэдээлэл дутмагаас болж яарч, сандран хугацаатай хадгалуулсан хадгаламжаа цуцлан мөнгөө авч байгаа иргэд мэр сэр гарч байгаа нь өөрөө өөрсдийгөө хохироосон асуудал болж байна. Иймд иргэдээ мэдээлэлтэй, мэдлэгтэй байж зөв шийдвэр гаргахыг зөвлөж байна.
Дампуурал зарласан Анод, Зоос шиг байдалд ороогүй
Анод, Зоос зэрэг хүндрэл үүсч байсан банкуудаас өнөөдөр үүссэн нөхцөл байдал өөрөөр харагдаж байна. Тус банкуудын хувьд төлбөрийн чадварын доройтолд орж, өр төлбөрийн асуудал нэлээн өссөн, эргээд гарцаагүй төрөөс мөнгө гаргаж байж санхүүжүүлэх хэлбэрээр явж байсан билээ. Харин энэ удаа төрөөс ямар нэгэн зардал гарахгүй бөгөөд тийм арга хэмжээ үүсэхээс өмнө урьдчилан харж арга хэмжээ авчээ.
Хадгаламж банкийг Төрийн банкруу нэгтгээгүй байсан бол яах вэ?
Жирийн иргэний нүдээр харахад хэрвээ Монголбанкнаас яаралтай энэ шийдвэрийг гаргаагүй байсан бол санхүүгийн салбарын хувьд маш хүнд байдалд орох байсан. Банк гэдэг хэрэглэгчдийн итгэлцэл дээр тогтдог байгууллага. Хэрэглэгчид хадгаламжаа татаад эхэлсэн бол эрсдэлтэй байдал үүсч энэ нь цаашлаад бусад банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж ч болзошгүй. Хэрэв Хадгаламж банкийг яаралтай шилжүүлээгүй удаасан бол тус банкны харилцагчид хадгаламж эзэмшигчид эрсдэлд орж, 3268 ажилчны ажлын байр ганхах байсан.
Хадгаламж банкийг нэн даруй Төрийн банкинд шилжүүлэх болсон нь 1.7 сая хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалсан зоримог алхам боллоо. Хадгаламж банкны харилцагчдын өмнөөс талархлаа илэрхийлсэн ч багадах биз ээ.
Банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Төрийн банкны төв болон салбарууд дээр гүйлгээ, төлбөр тооцоо хэвийн явагдаж байна. Иргэд ч тайван амгалан байна. Аргагүй шүү дээ… Ямар ч эрсдэл байхгүйгээр таны ч, миний ч хөрөнгө байрандаа байна. Санаа бүү зов.
Э.ҮҮЛЭН