Бен Ладеныг бизнес классаар Вашингтонд илгээв

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Бен Ладеныг бизнес классаар Вашингтонд илгээв

ФОТО: DAILYMAIL.CO.UK

“British Airways” нисэхийн компани номер нэг алан хядагч гэгдэх Осама Бен Ладены нэрэнд онгоцны тасалбар бичиж өгсөн байв. Лондон—Вашингтоны чиглэлийн нислэгийн бизнес зэрэглэлийн суудлыг түүнд өгсөн байлаа гэж “Daily Mail” сонинд бичжээ.
Дуулиантай тасалбарын зургийг “LHR News” сэтгүүлийн нэгдүгээр хуудсанд Хитроу нисэх буудлын ажилтнуудад зориулан тавьсан байлаа. Тэр нь онлайнаар бүртгүүлэн IPhone-доо нисэхийн цахим тасалбар авах шинэ үйлчилгээний зураг чимэглэл болсон байжээ. Зурагт инээж буй үйлчлүүлэгч нисэхийн ажилтанд гар утсаа харуулан дэлгэц дээр нь тасалбараа харуулж байгаагаар гарсан ба хажууд нь уг тасалбарын томруулсан хувилбарыг байрлуулсан байв. Тэр хувилбараас уг тасалбарыг террористын нэр дээр бичсэн нь харагдаж байлаа.
Вашингтоны чиглэлийн онгоцонд 07С дугаартай суудлыг Бен Ладенд өгсөн ба тасалбарт нь тогтмол үйлчлүүлэгчийн нэрийг заасан дугаартай байжээ.
Сэтгүүл хэвлэгдэн гарсны дараа ихээхэн дуулиан дэгдээлээ. Нисэхийн компанийн ажилтнууд ийм маягаар дарга нараасаа өшөө авч байна гэсэн таамаглал хүртэл гарав. Компанийн  үйлчлэгч нар орон тооны цомхотголыг эсэргүүцэн цалин хөлсөө нэмэхийг шаардан тавдугаар сарын сүүлчээс ажил хаялт хийж байгаа юм. “British Airways”-ийн дотор талаас хэн нэгэн нь компанийнхаа нэр хүндийг унагаах ажил зохион байгуулсан юм шиг энэ бүгд харагдаж байна” хэмээн парламентын терроризмтай тэмцэх хороонд ажиллаж байсан парламентын гишүүн Патрик Мерсер уг зургийг тайлбарлав. Түүний хэлснээр дайсан байж болох хүн ямар амархан тасалбар авч болохыг энэ дуулиан харуулж байгаа гэнэ. Нисэхийн компанийн төлөөлөгч энэ хэрэг яагаад гарсныг шалгаж байна гэсэн богино тайлбар хийлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж