“Хадгаламж”-ийг хардах хэрэггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

“Хадгаламж”-ийг хардах хэрэггүй болжээ

“Анхны хадгаламжаа энэ банкинд нээж байлаа” гэсэн МУГЖ Л.Цогзолмаагуайн нүүр дүүрэн инээмсэглэлтэй сурталчилгаагаар бидний оюун санаа, сэтгэлд ойрхон байдаг болсон банк бол “Хадгаламж” банк.
Би энэ банкны харилцагч биш. Гэхдээ хүүхдийн 20,000 төгрөгийг авах, орон сууц цахилгааны мөнгөө төлөх гээд амьдрал ахуйнхаа үүргээр сардаа нэг тохиох төлбөр тооцоо гүйлгээгээ энэ банкинд хийдэг болохоор олон жилийн сайн хөрш шиг дотно санагдаад байдгийн.

Би бас ямар нэгэн нэрд гарсан “од” биш болохоор энэ банкийг тойрсон асуудлаар сайн муу үг хэлж олон нийтэд нөлөөлж чадахгүй юм. Цэвэр иргэний байр суурьнаас асуудлыг харж байна.

Би жирийн иргэний байр сууринаас харж байгаа болохоор хувьцаа эзэмшигч Жаст нь банкныхаа бэл хөрөнгөнөөс давсан зээлийг авсан нь явсаар банкаа хөлдөө чирч эхэлсэн зэргээс “Хадгаламж”-ийг Төрийн банктай нэгдэхээс өөр сайн аргагүй болсон, үүх түүх, нөхцөл шалтгааны тухай энд нуршихгүй. Хэвлэлүүд хангалттай том гарчигтайгаар тавьж бичиж байна.

Тэгэхээр зүгээр л “Хадгаламж” банкийг цаашид ямар зурлагаар явуулахаар болоод байгаа талаар мэдээллийг зангидах гэж үзлээ.

Тамирын голын мөсийг долоох шахаж олсон хэдэн бор юмаа найдвартай гээд хадгаламж болгосон хүмүүс банкны аливаа хөдөлгөөнийг ихэнхдээ эмзэглэж хардаг.

Харин “Хадгаламж”-ийн харилцагчид харьцангуй тайвнаар энэхүү хоёр банкны нэгдлийг хүлээж авлаа. Банк нь дампуурлаа гээгүй болохоор юундаа ч тайван бус болох билээ дээ гэж бодож болох юм. Гэхдээ л хэрвээ энд таны мөнгө байгаа бол ингэж асуухгүй, телевизийн сувгаа мэдээллийн хөтөлбөр дээр тавьж, яаран интернетэд нэвтрэн энэ талын мэдээ тайлбар тоймы гхайж эхэлнэ.

Нэг их  жагсч босоод, сандраад байх дээрээ тулалгүйгээр гарах үр дагавры урьдчилан тооцон “Хадгаламж” банкны асуудлыг шийдвэрлэсэн талаараа холбогдох хүмүүс өчигдөр тайлбар хийлээ. Үүссэн нөхцөл байдлаас иргэдийн хадгаламж болоод банкны цаашдын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр явуулах хамгийн зөв гарц гэж үзэн “Хадгаламж”-ийг Төрийн банктай нэгтгэхээр шийдэж.

Нэгэнт үйл ажиллагаа нь хүндрээд байгаа тус банкийг Жасттай холбоотой үүсээд байгаа өр төлбөрийн асуудлаас сугалан авчир гэдийн мөнгий гэрсдлээс хамгаалах алхмыг амжиж хийсэн нь яамайдаа гэх магтаалын хажуугаар яагаад заавал Төрийнбанктай нэгтгэх гэж, өөр гарц байгаагүй юу гэх асуулт байна.

Хар ухаанаар бодсон ч урьдын хэдэн банк дампуурсан шуугианыг сэргээн санасан ч банкийг дампууруулахад хадгаламж эзэмшигч чирэгдэж, төр баахан мөнгө төсвөөс гаргаж хохирлыг нөхөх болдог. Мөн худалдья гэхээр одоо үйл ажиллагаа нь доголдож эхлээд байгаа банкийг аваад хөл дээр нь босгоод ирье гэх зоригтой, бяртай үндэсний компани манайд хэд бий билээ. Эндээс шийдвэр гаргагчид Төрийн банкинд нэгтгэх нь хамгийн эрсдэлгүй алхам гэж тооцсон байна.

Ийн шийдсэний дагуу хоёр банкны актив хөрөнгийг нийлүүлснээр Хадгаламж банкны 1,7 сая харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгө болзошгүй эрсдлээс хамгаалагдаж байна.

Учир нь “Хадгаламж” банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчийн хөрөнгө шууд автоматаар Төрийн банкинд шилжиж байгаа юм.

Монгол Улсын бүх аймаг, сумдад 503 салбар нэгжээрээ дамжуулан тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн санхүүгийн үйлчилгээний 55 гаруй хувийг хариуцдаг нийт 3268 ажилчинтай, Монголын топ таван банкны нэгийг өөртөө нэгтгэн авч байгаа Төрийн банкин гэх эд өөрөө хэлбэл бядтай билээ. Монголбанкныхны итгэл төгс мэдэгдэж буйгаар сүүлийн гурван жил Төрийн банкны үйл ажиллагаа сайн явж байгаа гэнэ.Төвбанкнаас  гаргадаг итгэлцүүрийн шалгуурыг дангаараа хангажө өдрөг яваа банк аж. Энэ талуудыг харж Хадгаламж банкийг нэгтгэж, актив хөрөнгийг нь томсгож авч байгаа юм байна гэж ойлголоо.

Ядарлаа ядарлаа гэхэд чамтайгаа л гэдэг шиг “Хадгаламж” банк харилцагчийн хадгаламжийг буцаан өгөх чадвартай байгаа. Үүн дээр төрийн банктай нэгдсэний дараа улсаас 40-100 тэрбумын хөрөнгө оруулалт хийж Активийг нь томруулж хөл дээр нь босгоод хэдэн жилийн дараа хувьчилж болно гэсэн давхар тооцоог ч гаргаж харсан гэж Монголбанкныхан хэлж байна. Сайн машин зарах гэж байгаа хүн асаагаад хаазлаад үз, хөдлөөд гишгээд үз, хурдлаад мушгиад үз, нүүр улайлгахгүй унаадаа гэж ам бардам хэлдэг шиг хэдэн жилий ндараа “банкшиг банкийг хувьчилна” гээд зогсч байна гэж Монголбанкныхан харж байгаа бололтой.

Нэг банкны санхүүгийн нөхцөл байдал нь хүндрээд салж нийлж байхад юун өөдрөг төлөвлөгөө яриад байна гэж бухимдах хүн байж болох.

Иргэдийн мөнгө дансандаа бүрэн бүтэн байж, урьд иргэд ААН-үүдтэй хийсэн гэрээ хэлцэл, хүүгийн нөхцөл нь хэвээрээ хадгалагдаж төрийн “халамжид” орж байгаа “Хадгаламж” банкийг болохоо байлаа гэж сенсаацлаад байх зүйл үнэндээ харагдахгүй байна.

Ээжүүд хүүхдээ ханиад хүрэхгээд найтааж эхлэхэд нь аарц уулгаад дарж авдаг шиг иргэдийн хадгаламжийг нь төрийн эрсдлээс холдуулж халамжиндаа авчээ. Ямар ч байсан хатгаа болгож тариа хийхдээ тулсангүй. Харин Жастын хувьд хэн анх салхи авахуулсан, ханиадыг хэрхэн хүндрүүлсэн, Ш.Батхүү 109 сая ам.долларын зээлээ хэрхэн төлөх зэрэг нь ямартай ч банкнаас холдож эмч нар буюу энэ тохиолдолд хууль, шүүхийн хүрээнд шийдэгдэхээр тавигдаад эхэлсэн асуудал.

Жастын зээлийг тойрсон үнэн худал мэдээллээр та бид ойрын хэд хоногт бялууртлаа шахуулах төлөвтэй байгаа тул үүнийг энд Хадгаламж банктай нэгтгэн харж, ярих нь одоо бол илүүц биз. Хадгаламж банк Төрийн банкинд нэгдсэнээр Жаст, банк хоёр тусдаа тусдаа асуудал болсон.

Аав ээжийн минь анхны цалингаа дээжлэн хадгалуулж, өснө үржинэ гэж билэгшээж явсан Хадгаламж банк энэ өдрөөс Төрийн банктай нэр, данс нэгболж нэгдлээ.Анод, Зоос банкууд шиг юм болж, хаалгаа үүдээ барьж Монголбанкны эрх шилжүүлэгч төлөөлөгч ирж, хүмүүс хадгаламжаа татаж сандарсангүй, тайван шилжилт хийгдлээ.

Хадгаламж банкны Монголоо хээлсэн 503 салбар нэгжүүдэд Төрийнбанк гэсэн шинэ хаягийг нь хадах мужаан, өрөм хадаасаа сонгоод аль хэдийн шатаар дээшээ авирч байгаа биз.

Хаяг нэр яахав солигдож л байдаг. Хамгийн гол нь төрийн минь сүлд харж, та бүхний хадгаламжин дахь мөнгө (1,7сая харилцагчийн 800 тэрбум төгрөг) тоо ёсоороо, хүү нь хуучнаараа бодогдоод л байж байна. Таныг очиход ядарсан, баярласан алийгаа ч илгаргалгүй, ажил хэрэгч зангаар угтаж чаддаг өнөөх тиллер бор хүүхэн суудаг ширээндээ суугаад ажлаа хийж л байна. Одоогийн байгаа 3000 гаруй ажилчдыг нь халж солихгүй гэсэн. Тийм болохоор хэд хоногоос Төрийн банкны тиллер гээд сууж байх юм шиг байна.

Удахгүй гавьяат Л.Цогзолмаагуай хүүхдүүдийнхээ хамт нүүр дүүрэн инээмсэглэн “Анхны цалингаа хадгалуулж байсан банк маань Төрийн банк болсонд баяртай байна. Энэ банкинд би итгэдэг” гэж дотно сайхан хоолойгоорой сэтгэлд хоногштол ярих байхаа.

Хадгаламж банкийг хардах юм алга.Төрийн банктай нэгджээ.


П.БАЯРХҮҮ /тоймч/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж