ЦЕГ-ын тэргүүн дэд даргыг ажлаас нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын тэргүүн дэд даргыг ажлаас нь чөлөөлжээ

-“Гяндан” сандлыг мөрдөн байцаалтад ашиглах тушаал гаргасан генерал Б.Билэгт хариуцлага хүлээх үү?-

Мөрдөн байцаалтад ашиглах зорилгоор БНХАУ-аас оруулж ирсэн 400 ширхэг “гяндан” сандлыг ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийн шийдвэрээр цагдаагийн байгууллагын бүх нэгжүүдэд тараасан тухай бид өмнө мэдээлсэн. Эрүү шүүлтэд зориулсан энэ сандлын талаар Хүний эрхийн үндэсний комиссоос Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд албан тоот илгээж, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн хүрээнд дээрх тусгай сандлыг эргүүлэн татах арга хэмжээ авна уу” хэмээн хүсэлт тавьсан байдаг.

Энэ тухай мэдээлэл олон нийтэд ил болсны дараа Хууль зүйн сайд өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Уг сандлыг буцаан татаж, худалдан авсан болон тараасан этгээдүүдэд хариуцлага тооцож байгаа” хэмээн мэдээлсэн ч ЦЕГ-ын дэд дарга Б.Билэгт болон бусад албан тушаалтнууд ажлаа хийсээр байгаа билээ.

Харин өчигдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гаргаж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ш.Ганболдыг ажлаас нь чөлөөлжээ. Ингэхдээ “Цагдаагийн байгууллагын бүх нэгжүүдэд тараасан тусгай зориулалтын уг сандал нь эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох хэлбэр мөн болох тухай, түүнчлэн цаашид үүсэх эрсдлийн талаар үндэслэл бүхий шаардлагыг Монгол Улсын ХЭҮК-оос ирүүлсээр байтал таслан зогсоох арга хэмжээ аваагүй, хүний эрхийг тууштай хамгаалах чиглэлээр Хууль зүйн яамнаас баримталж байгаа үүрэг чиглэлийг хэрэгжүүлээгүй” хэмээн үзэж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ш.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Сануулахад “Шинэчлэлийн” гэх Засгийн газар байгуулагдсаны дараа Цагдаагийн байгууллагад хийсэн бүтцийн өөрчлөлтөөр ЦЕГ хоёр дэд даргатай болсон. Тэргүүн дэд дарга Ш.Ганболдын хувьд мөрдөн байцаах болон мэргэжлийн үйл ажиллагааг нь хариуцдаг гэдэг утгаараа уг сандлын асуудал дээр хариуцлага хүлээж байгаа бололтой. Тэр өнөөдөр орныхоо хүнд ажлаа хүлээлгэж өгчээ.

Мөрдөн байцаалтад хэрэглэх тусгай зориулалт бүхий “гяндан” сандлыг анх ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очир генерал 2012 оны долдугаар сард Хятадын талтай анх гэрээ хийж, нийт 400 ширхэг сандлыг 626.000 мянган юаниар худалдан авчээ. Харин шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа буюу 2012 оны арваннэгдүгээр сард ЦЕГ-ын дэд дарга Б.Билэгт тушаал гаргаж, уг сандлыг төв орон нутгийн цагдаагийн бүх хэлтэс, тасгуудад хуваарь гарган тараасан байдаг.

Энэ тухай мэдээлэл ил болсны дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “уг сандлыг буцаан татах үүргийг ЦЕГ-т өгсөн” хэмээн мэдээлж байсан ч цагдаагийн одоогийн удирдлагууд харин ч эсрэгээрээ, тусгай журам гарган уг сандлыг ашиглахаар прокурорын байгууллагад санал хүргүүлээд байгаа гэх мэдээлэл тараад байгаа. Тиймээс Хууль зүйн сайд энэ удаа ЦЕГ-ын тэргүүн дэд даргад хариуцлага тооцохоор болсон бололтой.

Харин БНХАУ-аас өөр ямар ч оронд хэрэглэгддэггүй, монголчуудын хувьд 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед нэг удаа орж ирээд хэрэглээнээс гарсан “гяндан” сандлыг мөрдөн байцаалтад ашиглуулахаар биечлэн тушаал гаргасан генерал Б.Билэгтийн хувьд ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа хамгийн анх шинэчлэлийн бодлогоо зарласан газар бол Хууль зүйн яам. Тус яамыг толгойлж буй Х.Тэмүүжин сайд салбарынхаа бодлогыг танилцуулахдаа хамгийн түрүүнд “Хүний эрхийг тууштай хамгаална, иргэдээ эрүүдэн шүүхгүй” гэж амлаж байсан. Гэтэл өнөөдөр ч гэсэн цагдаагийн байгууллагын доод шатанд, жирийн иргэдтэй өдөр бүр нүүр тулдаг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, эргүүлийн цагдаа нарын дунд хүн зодсон, хараасан, айлган сүрдүүлсэн, эрх мэдлээрээ далайлгасан хуучин хандлага хэвээрээ л байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын өмнө тавигдаж байгаа том зорилт, УИХ, Засгийн газар дээр яригдаж буй шинэчлэлийн том том бодлогуудтай харьцуулбал цагдаагийн бие бүрэлдэхүүн өөрчлөгдөж чадаагүй хэвээрээ л байна. Гэтэл үүний төлөө хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

Тэр тусмаа Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд унагаж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ умартахад хүргэсэн /Монгол Улс “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” олон улсын конвенцод 2001 онд нэгдсэн/ генерал Б.Билэгтийн өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнг ч гэсэн энэ далимд  нэг удаа дүгнээд үзчих хэрэгтэй юм биш үү?

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж