Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Их Британийн язгууртнууд шинэ хүнээ өлгийдөн авч байна. Тэртээ 1984 онд хамгийн сүүлд шинэ хүн ирснээс хойш анх удаа хүүхэд төрж байгаа нь энэ. Ханхүү Виллиам, түүний эхнэр Кейт Мидлтон нар хүүтэй боллоо. 1984 онд хүү төрж байсан бол, энэ удаад бас л хүү байв. 29 жилийн өмнө Виллиамын дүү олныг хүлээлгэн байж төрж байсан бол энэ удаад түүний хүү энэ их хүлээлтийг дагуулах хувьтай байж. Кейтын өссөөр байгаа нэр хүнд, шинэ хүнийг хүлээсэн дэлхий нийтийн хүлээлт. Яг л тэртээ 20-30-аад жилийн өмнөх шиг адил дүр зургийг дагуулж байгаа.

Хүү төрлөө…

Орон нутгийн цагаар өглөөний 4:24 цагт хаад, хатдын гэр бүлд 3,6 кг хүү төрлөө. Виллиамын гэр бүл уг нь охин төрөхийг хүлээж байсан. Гэхдээ тэдний итгэлийг эвдэн хүү төрсөн нь энэ. Хаан угсааны уламжлал, суудлын төлөөх ширүүн тэмцлийн дунд ирээдүйн ханхүү хэрхэн бойжих нь тун бэрх. Гадны хэвлэлүүд хатан хааны гэр бүлийг дотоод зөрчилтэй. Тэр нь өмнөх үеийнхээсээ хамаагүй өөр болсон зэргээр ярьдаг ч хэзээд хаалттай байсан энэ гэр бүлийн үнэн нүүр царайг мэдэхэд тун хэцүү биз. 1894 оноос хойш Виндсорын угсааныхан хаан ширээг атгаж байгаа. Энэ хугацаанд Английн эдийн засаг өмнөх шигээ биш ч гэсэн хамаагүй дээр болсон гэж дүгнэж болох талтай. XXI зуунд ханхүү Виллиамаас шинэ хүн төрсөнийг хатан хааны гэр бүлд шинэ эрин үе эхэлж байгаа гэж тайлбарлах хүмүүс цөөнгүй бий. Хатан хааны холбоонд багтах улсууд шинэ хүний хүйсийг чухалчилан үздэг. Үнэндээ нэгэнт төрсөн хүүхдийн хүйсийг тэд сольж эсвэл өөрчилж чадахгүй ч ирээдүйд хатан хаантай болох уу эсвэл хаантай болох уу гэдэг нь шалтгаалдаг учраас ийнхүү чухалчилж үздэг аж. Шинэ хүн төрөхөд бас нэгэн чухал зүйл байдаг нь түүний нэр. Яг одоогийн байдлаар английн хамгийн алдартай зохиолчид шинэ хүнд хайрлах нэрийг бодож байгаа. Хамгийн магадлалтай нэрээр Терри, Жорж, Пол, Эдвард зэрэг нэр яригдаж байна. Эдгээрээс аль нь сонгогдох нь тодорхойгүй байгаа ч тодорхой нэгэн зүйл байгаа нь Жон гэдэг нэр. Их Британийн хаадын түүхэнд хамгийн муу хаадын нэгээр яах аргагүй нэрлэгддэг энэ нэрийг Виллиамын гэр бүл хайрлах нь юу л бол. Харамсалтай нь сүүлийн үед шинэ хүнийг энэ нэрээр нэрлэнэ гэж бичиж байгаа хэвлэлүүд тун цөөнгүй бий.

Түүхийн ижилсэл

Одоогоос яг 31 жилийн тэртээ ханхүү Чарьлз, гүнж Диана нараас нэгэн хүн мэндэлсэн нь Виллиам байлаа. 1980-аад оны сүүл хүртэл хатан хааны гэр бүл аз жаргалтай мэт харагдаж байсан ч хэвлэлүүд Чарьлзыг нууц амрагтай хэмээн зарласанаас хойш тэдний хооронд үл ойлголцол нэмэгдэж эхлэв. Яг энэ үетэй зэрэгцэн Дианагийн нэр хүнд гэрлийн хурдаар нэмэгдэж эхэлсэн юм. Хатан хааны гэр бүлийн нэр хүндийг Дианагийн нэр хүнд дарж байсан учраас олны өмнө гарах, Чарльзын бүх муу зуршилийг тэвчин өнгөрүүлэх хатуу дүрэм журмыг баталж байсан болохоор залуухан бас дээрээс нь үзэсгэлэнтэй гүнж энд дасан зохицохгүй байсан билээ.

Түүхийн хуудсыг наашлуулъя. Түүний нэр хүнд, ард түмний гүнж гэсэн тодотгол Кейтийн толгой дээр ирэв. Энгийн бөгөөд дэгжин, нөхөрсөг, найрсаг зан чанар, буяны арга хэмжээнд оролцож байгаа байдал, жирийн иргэдтэй ойр дотно байгаа харьцаа нь Кейтийн нэр хүндийг дээшлүүлэх нэгэн үндэс суурь болжээ. Одоо бол орчин үеийн бэлэг тэмдэг болж байгаа хүн нь Их Британид яах аргагүй Кейт. Диана гүнжээс ялгагдах нэгэн онцлог нь тэр ард гаралтай. Тиймээс л ард түмний гүнж гэж нэрлэх хамгийн учиг нь түүнд байгаа билээ. Гэхдээ тэрээр өөр нэгэн нэртэй болсон. Кейт Эффект. Энэ нэршилийг Тайм сэтгүүл түүнд хайрлаж, одоо Их Британи даяар түүнийг ийн нэрийдэж байгаа. Яг үнэндээ Виллиам биш Кейт л Их Британид од болж байгаа. Ханхүү Чарьлз болоод Диана нарын хооронд ангал үүсэх хамгийн том шалтгаан нь энэ байсан билээ.

Хатан хаан ба Кейт

Олон нийтийн дунд анх удаа хамтаар харагдсан тохиолдол нь Хатан хааны очир эрдэнийн ойн тоглолтын үеэр хамтдаа харагдсан явдал. Олны нүдэнд тэдний харьцаа тааламжгүй мэт харагдах хэд, хэдэн зүйл байлаа. Ялангуяа орчин үеийн урлагийн одууд тайзан дээр гарч ирэхэд тэр аяыг нь даган толгойгоо хөдөлгөж, язгуур угсаатын хүмүүстэй яриа дэлгэж байхад, Хатан хаан тун дурамжхан харагдаж байв. Виллиамтай харьцаж байгаа боловч Кейттэй нэг ч үг ярилцсангүй гэх мэтчилэн хоорондын уур амьсгал тун тааруу байгааг энэ хэдэн зүйлээр хэлж болно. Харин Виллиам энэ бүгдийн дунд хэрхэж байгааг тааж хэлэхэд тун бэрх. “Хатан хаан бол маш хатуу, зарчимч хүн. Түүний хэлснээс зөрсөн хэнийг ч тэр хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь тэр бол тэр” гэж Виллиамын дүү Харри нэгэн цагт The Sun сэтгүүлд ярьж байсан удаатай.

Түүний хадам ээж болох Диана гүнж хоорондын үл ойлголцол, ихэс дээдсийн хэтэрсэн ямбаас болж салж, удалгүй цаг бусаар хорвоог орхисон. Гэхдээ түүний нэр хүнд одоо ч хэвээр байгаа. Ямарсайндаа л түүнийг мянганы хамгийн шилдэг 100 Британи хүний нэрээр нэрлэж байхав дээ. Харин одоо орчин цагийн загварын бэлэг тэмдэг, хамгийн хямдхан өртөгөөр хувцасладаг гэсэн тодотголтой Кейтийг хатан хааны гэр бүл хэрхэн хүлээн авч байгааг таахад тун бэрх.

Ямар ч байсан муу бүхэн холуур өнгөрөг.

Их Британийн шинэ ханхүүд зориулж орон, орны өндөр дээд албан тушаалтнууд мэндчилгээ хүргэлээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж