Түүний бүтээлийн дээжээс уншигч танаа толилуулж байна.
МАНАНТАЙ ЗУУН
Манантай зуун миний цээжний гүнд эгшиглэдэг
Маргаашийн төлөө би өнөөдрийн цэцэгсийг гишгэдэг
Манантай зуун миний эгц өмнөөс тосдог
Малгайгаа авч бөхийхдөө би өчигдрийн шарил дээр зогсдог
Хүйтэн энэ зууны алс гүнээс айсуй
Хүний хөлийн чимээ яруу найрагчийнх байдаг
Магадгүй, тэр Нацагдорж, эсвэл Чойном
Манантай зууныг гийгүүлсэн Равжаа, эсвэл Инжинааш…
Хөлгөн судрын хуудсыг хүр хорхой идэх шиг
Хөгшин, залуу хүмүүсийг цаг хугацаа гүйцэх шиг
Хоолойд торсон нулимс гашуун үнэн болдог
Холын тэр зуун үргэлж намайг дууддаг
Хэмжээст цаг хугацаанд би зуун, зуун шиг амьдрахгүй!
Хэн нэгний нулимсаар өөрийн гунигийг тайлахгүй
Хамтдаа уйлж, бас дуулах дуртайдаа л
Хамгийн анхны хүн шиг цаг хугацаанаас урвахгүй!
Удаан амьдрах тусмаа хүмүүс дэндүү сайхан!
Уйдаж буцсан найрагчид газрын гүнээс өндийхгүй
Тэдний өмнөөс би холын од руу сарвайж…
Тэнгэрт одсон сүнсийг нь өөртөө буцааж дуудахгүй!
Манантай энэ зууныг алтан салхиар зүлгэвч
Малгайгаа авч бөхийсөн миний гуниг арилахгүй!
Цээжний гүнд эгшиглэсэн он жилүүдийн өмнөөс
Цэцэн бийрээ хөшиж, тэрлэсэн шүлэг минь үхэхгүй ээ!
2010.06.09
***
Хэсэг хэсэг хугацаанд би гүн ухаантан шиг амьдарсан!
Хэрээ, хун хоёрын ялгааг олох гэж оролдсон
Үүрийн туяанд биш, шөнийн харанхуйд дурласан
Үхсэн хүнээс биш, амьд хүнээс нуугдсан
Тэнүүлч сүнс шиг мананг нөмөрч унтаад дарсан
Тэртээ холын гариг руу далавчлан нисэж үзсэн
Хөөрхөн мөртлөө муухай олон охидыг сонжсон
Хөсөр ургасан өвс шиг замын дэргэд өнжсөн
Илүү, дутуу бүхний хэм хэмжээг ойлгосон
Ичиж улайх бүртээ өөрийгөө зэмлэж бухимдсан
Нүүрэмгий тэр бүсгүйн хувцасыг тайлахаас айсан
Нүцгэн үнэн тэгэхэд над руу анх инээсэн
Инээх дуртай хүмүүс надаас нуугдаж уйлсан
Илбэ зүүд шиг ертөнц миний өмнө нээгдсэн
Нээгдсэн тэр хаалгаар би дотогш алхаж орсон
Нэг, хоёр, гурав!… гээд, нисэж үхэх шиг тайтгарсан!
2010.03.11
ХАМГИЙН САЙХАН БҮХЭН ХАЖУУ ДЭРГЭДЭЭС ЭХЭЛДЭГ
Д.Нямсүрэн-д:
Хамгийн сайхан бүхэн хажуу дэргэдээс эхэлдэг
Хаа холын оддоос биш, хуучин өвснөөс эхэлдэг
Жирийн сайхан бүхэн жирийн үнэнээс эхэлдэг
Жиргэх шувуудын тухай би
Жигүүртний хэлээр шүлэглэдэг
Эртний танил аялгууг хамгаас сайхан гэж дурладаг
Энхрий ялдам бүсгүйг хамгаас сайхан гэж тэмүүлдэг
Зүр, согоо шиг дэгдэхийг он жил гэж зүсэлдэг
Зүрх, цэцэг шиг ургахыг амьдрал гэж нэрлэдэг
Бүхнээс энгийн бүхнийг гайхамшиг гэж тунхагладаг
Бүргэд нисэх өндрийг тэнгэр гэж омогшдог
Амьд, үхсэн хоёрыг ялгуун сар шиг сонсдог
Алс хэтийн харгуйг яруу найраг шиг уншдаг
Мянганы тэртээх ертөнцийг минийх гэж өмчилдөг
Мянган жилийн гунигаа бусдад хайр шиг түгээдэг
Дэргэдийн нөхөртөө ярьсан үгээ
Дэлхийд ярьсан гэж гайхуулдаг
Дэрлэж хэвтдэг хөх чулуугаа
Дээдсийн шарил гэж итгэдэг ээ, би…
2009.05.15