Хадгаламж банкны харилцагчид эрсдэл хүлээхгүй

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Хадгаламж банкны харилцагчид эрсдэл хүлээхгүй

Монголбанкнаас 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хадгаламж банкны тодорхой актив, пассив хөрөнгийг салбар, нэгжийн хамт Төрийн банкинд шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Харин Хадгаламж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хувьд хадгаламж, мөнгөн хөрөнгө нь эрсдэлд орчихвий гэсэн болгоомжлол үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны ОНХХ-ээс дараах тодруулгыг авлаа.

-Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлэх шийдвэрийг гаргаснаар ямар үр дүнд хүрэх вэ? Хадгаламж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хувьд өмнө нь банктай байгуулсан  гэрээ, нөхцөл хэвээрээ байх уу? Ямар нэгэн эрсдэл байгаа юу?

Монголбанкнаас санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах,  харилцагч, хадгаламж эзэмшигчидийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Хадгаламж банкинд дээрх арга хэмжээг авсан. Хадгаламж банкны тодорхой актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд ийнхүү шилжүүлснээр тус банкинд 2011 оноос хойш үүссэн санхүүгийн чадварын хүндрэлийг шийдвэрлэж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалан, тус банкнаас иргэдэд үзүүлдэг банкны болон төрийн санхүүгийн үйлчилгээ хэвийн, тасралтгүй, саадгүй явагдах нөхцөлийг бүрдүүлнэ.

Хадгаламж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хувьд айж болгоомжлох зүйлгүй тайван байж болно. Учир нь банктайгаа байгуулсан гэрээний нөхцөл, хүүгийн түвшин өөрчлөгдөхгүйгээр бүгд автоматаар Төрийн банк руу шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл хадгаламж эзэмшигчид, харилцагчдад ямар нэгэн эрсдэл үүсэхгүй. Хадгаламж банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгө, данс тань Төрийн банкинд шилжиж, өнөөдрөөс эхлээд тус банкны бүх үйл ажиллагаа урьдын адил хэвийн явагдана.

Албаны эх сурвалжийн хэлснээр иргэдийн хувьд харилцах, хадгаламжиндаа санаа зовох шаардлагагүй, өмнө нь банктай байгуулсан гэрээ, хүүгийн түвшин бүгд хэвээрээ Төрийн банк руу автоматаар шилжих юм байна. Зарим хэвлэл мэдээллээр цацагдаад буй хадгаламж эрсдэлд орлоо, хүүгээ төлж чадахгүй зэрэг мэдээлэл ор үндэслэлгүй болохыг албаны эх сурвалж онцоллоо.

Х.ТЭЛМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж