Танхимд дэлгэгдсэн “Салхин сар”

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Танхимд дэлгэгдсэн “Салхин сар”

Уран зургийн арт галерейн хоёрдугаар давхарт өчигдөр нэгэн өвөрмөц, содон  үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Энэ үзэсгэлэнгийн эзэн бол уран бүтээлч Д.Анхбаяр. Тэрээр анхны бие даасан үзэсгэлэнгээ “Салхин сар” хэмээн нэрийджээ.

Дан өвөрмөц, содон барималуудаас бүтсэн уг үзэсгэлэн тэр бүр олны хүртээл болоод байдаггүй. Эротик сэдвийг хөндөн урласан час улаан “Араншин”, хүрлээр хийсэн “Үүлэн бороо”, “Эрэлхэг”, гангаар урласан “Эс”, “Ямандаг” бүтээлийн эзэнтэй цөөн хором ярилцсан юм.

-Содон үзэсгэлэндээ хэдэн бүтээлээ дэлгэв?

-Миний үзэсгэлэнд нийт 16 бүтээл, нэг инстоляци байгаа. Хөнгөн харвал эротик сэдэвтэй ган, мод, хүрэл барималууд байгаа.

-Өнгөний хувьд ч хурц юм аа?

-Өнгөний тухайд зарим нэг түүхийг судлан бүтээлдээ тусгасан. Зарим хүмүүс бүтээлээ улаан шунх, эмэгтэй хүний сарын хэрмээр буддаг байсан гэж сонссон л доо. Түүнээс санаа аван модон барималуудаа улаан өнгөөр будсан. Хүрэл барималаа бол сонгодог өнгөөр нь л урласан.

-Инстоляциа энэ нийгэмд амьдраад байгаа хүмүүст зориулан урлажээ?

-Тийм шүү. Говьд байдаг энгийн л онгоцтой худаг. Гэхдээ өнөөдөр худгууд маань шавхагдаад юу ч үгүй боллоо. Хүн болгон мөнгөний төлөө л яваад байна. Мөнгөний оронд ус байх ёстой байхгүй юу. Энэ талаас нь л хийсэн.

-Таны уран бүтээлийн дүрслэлд юу илүү голчилдог вэ?

-Дүрслэлийн хувьд хүн оршин тогтнох мөнхөд үргэлжлэх, үр удмаа үлдээх үйл ажиллагаа. Монголоор ярих юм бол үүлэн борооны явдал, салхин сарны явдал, хүч чадлын бэлэг тэмдэг, эр хүний  бахархал болсон эр бэлэг эрхтэнийг дагнан урласан бүтээлүүд байгаа. Ер нь бол миний уран бүтээлийн сэдэв эротик талдаа барималууд. Хойшдоо ч гэсэн энэ л стилиэрээ хийнэ.

-Яагаад энэ сэдвийг сонгож авах болов? Хэн хүнгүй зоригтой дуугарч, хийдэггүй болохоор уу?

-Харин тийм шүү. Хүмүүс гаднаа дургүйцэж, эвгүйцдэг ч дотроо дуртай л байдаг байхгүй юу. Нуугдсан, цаанаас нь гижигдээд байгаа тэр л зүйлийг гаргаж ирэхээр анх зориглосон.

-Хэзээнээс ийм бүтээлүүд рүү эргэлт буцалгүй орчихов?

-Гурав, дөрвөн жилийн өмнөөс л. Би сийлбэрч хүн. Манай урлан чинь Ерөнхийлөгчийн өргөө, УИХ-ын сандал, ширээ гээд томоохон бүтээлүүдийг урладаг. Багштайгаа нийлээд бид 2001 оноос хойш урландаа ажиллаж байгаа. Түүнийгээ хийхийн хажуугаар өөрийнхөө ажилд жаахан цаг зав гаргаад тэр хугацаагаараа урлан дөрвөн жил шахам болжээ. Ер нь би оюутан байхдаа иймэрхүү эротик баримал хийх санаатай байсан. Өөрөө арга эвээ олохгүй явж байгаад дөрвөн жилийн өмнөөс зориглоод дайрсан.

-Таны бүтээлүүд хэр захиалгатай байдаг бол?

-Бие даасан уран бүтээлийн хувьд одоохондоо захиалга бол төдийлөн их биш. Ганц нэг хүмүүс сонирхон жижигхэн хөөрхөн боовон түлхүүрний оосор ч юм уу, жижиг бэлэг, дурсгалын зүйл захиалж л байсан. Манай багштайгаа хамтран ажилладаг урлангийн захиалга тасралтгүй их байдаг учраас цаг зав муутай шүү.

-Сийлбэрчин гэсэн шүү дээ. Удам дамжсан сийлбэрчин үү?

-Багаасаа л сийлбэр хийж эхэлсэн. Удам бол байна аа байна. Манай аав, ээж хоёрын аль аль талдаа гарын уртай олонтаа. Сүүлд удам судраа судлаад үзэхэд зарим нь гурав, дөрвөн үе, зарим нь долоон үе дархан хүмүүс байсан гэсэн мэдээлүүд байгаа. Одоо дарх сонирхож ганц хоёр дарханы ажил хийж байгаа. Юм юмаар л үзэж байна шүү.

-Уран бүтээлд тань амжилт хүсье.




Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.


Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж