Xөрөнгө оруулалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Xөрөнгө оруулалт хийлээ

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК Прайм Женерал Даатгал ХХК-д хөрөнгө оруулалт хийлээ

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК (ТэнГэр) Монголын даатгалын салбарт тэргүүлэгч компаниудын нэг Прайм Женерал Даатгал ХХК (Прайм Даатгал)-д хөрөнгө оруулалт хийж, нийт хувьцааных нь 50 хувийг худалдан авлаа. Прайм Даатгалын хувьцааны үлдсэн 50 хувийг Петровис ХХК эзэмшиж байгаа юм.

Прайм Даатгал нь ХасБанк, ХасЛизинг ХХК болон программ хангамжийн Хорус Номадик Солюшнс ХХК-ийн нэгэн адил ТэнГэрийн бүрэлдэхүүнд багтан орсноор ТэнГэрийн компаниуд хамтран санхүүгийн иж бүрэн үйлчилгээг харилцагчдад хүргэх боломж бүрдэж байна.

ТэнГэр хувьцаа эзэмшигч болсноор Прайм Даатгал бизнесийн байр сууриа бэхжүүлэх, улмаар Монголын тэргүүлэгч даатгалын компани болоход нь дэмжлэг болох юм. Энэ талаар Прайм Даатгалын Гүйцэтгэх Захирал Ө.Ганзориг “Энэ үйл явдал нь зөвхөн манай харилцагчдад хандсан иж бүрэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үндсийг бүрдүүлээд зогсохгүй Монголын санхүүгийн салбарт шинэ жишгийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.” гэлээ. ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК болон Петровис ХХК-иудын хувьд “хамтран хувь нийлүүлэгчид болсноор Монголын хувийн хэвшлийн нэр хүнд бүхий төлөөллүүд амжилттай хамтран ажиллаж чадахын тод жишээ боллоо.” гэж Петровис ХХК-ийг үүсгэн байгуулагч хатагтай Ж.Оюунгэрэл тэмдэглэв.

Монголын хамгийн том 3 даатгалын компанийн нэг болох Прайм Даатгал нь одоогоор 700 орчим аж ахуйн нэгж, 11 мянга гаруй иргэнд байнгын үйлчилгээ үзүүлдэг. Тус компани Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон ХасБанктай хамтран ард иргэдэд зориулсан бичил даатгалын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. ХасБанкны Гүйцэтгэх Захирал М.Болд энэ талаар хэлэхдээ “Прайм Даатгал компанитай ТэнГэр Санхүүгийн Нэгдэлийн дээвэр дор нягт бөгөөд ёс зүйт бизнесийн зарчмаар хамтран ажилласнаар ХасБанкны орон даяарх салбар, нэгжүүдээс гадна “АМАР” мобайл банкны сүлжээгээр дамжуулан зуу зуун мянган монголчуудад илүү хүртээмжтэй санхүүгийн болон даатгалын үйлчилгээг хүргэх үүд хаалга нээгдэх болно.” гэв.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК нь ХасБанк, ХасЛизинг ХХК, ХасСекьюрити ХХК болон Хорус Номадик Солюшнс ХХК-ийн хувьцааг эзэмшигч хөрөнгө оруулалтын толгой компани юм. Тус компани санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын олон улсын нэгдэл болох зорилгоор бүс нутгийн хэмжээнд өргөжин тэлэх ажлаа 2009 онд Киргизстан Улсын санхүүгийн компанид анхны хөрөнгө оруулалтаа хийснээр эхлүүлсэн бөгөөд одоо Төв Азийн улсууд, ОХУ болон БНХАУ-ын санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувь нийлүүлэгчид нь ИАйТи Капитал Менежмент ХХК, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Мерси Корпс, Голландын Триодос Банк Групп, Люксембургийн Вант Улсын БлюОрчард Хөрөнгө Оруулалтын Сан болон дотоодын зарим төрийн бус байгууллагууд зэрэг дотоод, гадаадын нэр хүндтэй байгууллагууд байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tengerfg.mn-с авна уу.

ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдэлсэн эрхэм зорилгын хүрээнд Монгол орон даяарх салбар нэгжүүдээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулж байна. ХасБанк бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн түрээс, малчны зээл, “АМАР” мобайл банкны үйлчилгээ, орон сууцны зээл, залууст зориулсан хадгаламж зэрэг шинэлэг, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ хүргэн ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.xacbank.mn-с авна уу.

Петровис ХХК нь 1997 онд байгуулагдсанаасаа хойш одоогоор Монголын тэргүүлэх нефть импортлогч юм. Тус компани нефтийн бүтээгдэхүүний импорт, агуулалт, маркетинг, бөөний болон жижиглэнгийн борлуулалтын чиглэлээр голлох үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрийн 40 гаруй шатахууны агуулах, 400 гаруй шатахуун түгээгүүрээр Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг. Голлох үйл ажиллагааны чиглэлээсээ гадна өөрийн салбар компаниудаар дамжуулан газрын тосны хайгуул, нүүрс олборлолт, шингэрүүлсэн түлшний төслүүдэд хөрөнгө оруулагч юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.petrovis.mn-с авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж