Хил дээр буудуулсан Мексик хүү амиа алджээ | News.MN

Хил дээр буудуулсан Мексик хүү амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Хил дээр буудуулсан Мексик хүү амиа алджээ

АНУ-ын хилийн ойролцоо тус улсын хил хамгаалах ажилтанд буудуулж нас барсан хүүгийн хэргийг бүрэн гүйцэд мөрдөн шалгах ёстой гэж Мексик шаардсан талаар “BBC” агентлаг мэдээллээ. Түүнийг АНУ-ын хилийн Эль Пасо, Мексикийн Куидад Жуарез хотуудын хооронд байдаг гүүрээр гарч явахдаа буудуулсан гэж Мексикийн цагдаагийн газар мэдээлж байна. Тэр хүүхдийг АНУ-ын хилийн ажилтан руу чулуу шидсэний хариуд хилийн ажилтан гал нээсэн гэж АНУ-ын хилчин мэдэгдсэн. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо энэ хэргийг одоо мөрдөж эхлээд байна.

Куиадад Жуарез хотын ойролцоо байдаг олон улсын хилийн боомтын хажууханд болсон болсон насанд хүрээгүй хүүхэд амиа алдахад хүргэсэн энэ хэргийг бид буруушааж байна гэж Мексикийн гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна. “Чулуу шидсэн хүүхдийн хариуд галт зэвсэг хэрэглэнэ гэдэг харьцангуй хэт их хүч хэрэглэсэн явдал. Нэн ялангуяа сайтар бэлтгэгдсэн мэргэжлийн албаны хүн ийм үйлдэл хийсэн нь анхаарал татаж байна” гэж тус мэдэгдэлд өгүүлжээ.

Хил хууль бусаар зөрчсөн сэжигтнүүдийг хилийн ажилтнууд саатуулж, тэднээс хоёрыг нь баривчлаад бусдыг нь буцааж хил гаргасан. Харин буцааж хил гаргасан хүмүүс хилийн албаны ажилтнуудруу чулуу шидэцгээсэн бөгөөд түүний хариуд хил хамгаалагч өөрийн албаны буугаар хэдэн удаа буудсаны нэг нь хохирогчийг оносон ба тэр сүүлд нь үхсэн байна гэж АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтан болсон явдлын талаар ярьж байна.

Нас барсан хүүг Сергио Адриан Хернандез гэдэг бөгөөд тэр 14 настай байжээ. Түүнийг хууль бусаар хил давах гэж байсан гэдгийг ээж нь үгүйсгэж байгаа бөгөөд “Тэр Эль Пасоруу очих гээгүй. Тэр Мексикт байсан. Түүнийг Мексикт байхад нь тэд алсан” гэж ярьж байна. Хууль бус цагаачлал болон Мексик иргэдтэй АНУ-ын хилийн албаныхан хэрхэн харьцаж байгаа тухай асуудал АНУ-Мексикийн харилцаанд хүндрэлтэй асуудал болж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-д баривчлагдан буцааж хилээр гаргах гэж байсан нэгэн Мексик хууль бус цагаачийг АНУ-ын ажилтнууд цахилгаан бороохойгоор цохисноос болж нас барсан хэрэг гарч хоёр улсын харилцааг хурцатгаад байгаа юм.  
Түүнчлэн АНУ-ын Аризона муж гудамжинд яваа иргэдийн цагаачлалын статусыг шалгаж байх үүргийг цагдаагийн газартаа өгсөн нь Мексикчүүдийн дургүйг ихээр хүргэж байгаа. Харин АНУ-д иргэд нь хууль бус цагаачдын эсрэг илүү чанга арга хэмжээ авахыг улс төрчдөөсөө шаардсаар байгаа юм. Одоо АНУ-д хууль бус цагаач 12 сая байгаагийн бараг гуравны нэг нь Мексик иргэд байгаа гэж үзэж байна.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Fulcrum 2010-06-09 202.131.230.66

Мексикийн Ciudad Juarez байлгүй дээ Монгол бичлэгээр Сиүдад Хуарэс болов уу За энэ ч яахав Монгол хэлээрээ зөв бичиж зөв ярьж сураасай Энэ сайт дээр гарч буй мэдээг олон хүн уншдаг байх Хүнд зөв мэдээлэл хүргэх нь дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж