
Куиадад Жуарез хотын ойролцоо байдаг олон улсын хилийн боомтын хажууханд болсон болсон насанд хүрээгүй хүүхэд амиа алдахад хүргэсэн энэ хэргийг бид буруушааж байна гэж Мексикийн гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна. “Чулуу шидсэн хүүхдийн хариуд галт зэвсэг хэрэглэнэ гэдэг харьцангуй хэт их хүч хэрэглэсэн явдал. Нэн ялангуяа сайтар бэлтгэгдсэн мэргэжлийн албаны хүн ийм үйлдэл хийсэн нь анхаарал татаж байна” гэж тус мэдэгдэлд өгүүлжээ.
Хил хууль бусаар зөрчсөн сэжигтнүүдийг хилийн ажилтнууд саатуулж, тэднээс хоёрыг нь баривчлаад бусдыг нь буцааж хил гаргасан. Харин буцааж хил гаргасан хүмүүс хилийн албаны ажилтнуудруу чулуу шидэцгээсэн бөгөөд түүний хариуд хил хамгаалагч өөрийн албаны буугаар хэдэн удаа буудсаны нэг нь хохирогчийг оносон ба тэр сүүлд нь үхсэн байна гэж АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтан болсон явдлын талаар ярьж байна.
Нас барсан хүүг Сергио Адриан Хернандез гэдэг бөгөөд тэр 14 настай байжээ. Түүнийг хууль бусаар хил давах гэж байсан гэдгийг ээж нь үгүйсгэж байгаа бөгөөд “Тэр Эль Пасоруу очих гээгүй. Тэр Мексикт байсан. Түүнийг Мексикт байхад нь тэд алсан” гэж ярьж байна. Хууль бус цагаачлал болон Мексик иргэдтэй АНУ-ын хилийн албаныхан хэрхэн харьцаж байгаа тухай асуудал АНУ-Мексикийн харилцаанд хүндрэлтэй асуудал болж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-д баривчлагдан буцааж хилээр гаргах гэж байсан нэгэн Мексик хууль бус цагаачийг АНУ-ын ажилтнууд цахилгаан бороохойгоор цохисноос болж нас барсан хэрэг гарч хоёр улсын харилцааг хурцатгаад байгаа юм.
Түүнчлэн АНУ-ын Аризона муж гудамжинд яваа иргэдийн цагаачлалын статусыг шалгаж байх үүргийг цагдаагийн газартаа өгсөн нь Мексикчүүдийн дургүйг ихээр хүргэж байгаа. Харин АНУ-д иргэд нь хууль бус цагаачдын эсрэг илүү чанга арга хэмжээ авахыг улс төрчдөөсөө шаардсаар байгаа юм. Одоо АНУ-д хууль бус цагаач 12 сая байгаагийн бараг гуравны нэг нь Мексик иргэд байгаа гэж үзэж байна.
Т.Бадрах