
МСЭ-ийн ерөнхийлөгч хэлэхдээ “Б.Эрдэнэцогт маань ид бүтээж яваа уран бүтээлч. “Ийгл”-ийн Эрдэнэцогт, ТВ9-ийн Эрдэнэцогт гэхээр олон нийт андахгүй. Эзэмшсэн мэргэжлээрээ, ажил хөдөлмөрөөрөө, уран бүтээлээрээ нэрлүүлнэ гэдэг сайхан. Харамсалтай нь, Б.Эрдэнэцогт маань хүнд өвчин тусаад байна. Нийгэм өвдөхөд сэтгүүлчдэд ханддаг. Сэтгүүлч хүн өвдөхөд нийгэмдээ хандаж байгаа нь энэ” гэсэн юм.
“Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн тэргүүн, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат “Б.Эрдэнэцогт олонд танигдсан сэтгүүлч төдийгүй авьяаслаг яруу найрагч. Тиймээс яруу найрагч, уран бүтээлч нөхөд нь сэтгэл зүрхээрээ нэгдэн андыгаа аврахаар боломж бүхнийг хайж байна. Монголын зохиолч, яруу найрагчид, сэтгүүлчид нэгдэх юм бол асар их хүч бий. Юуны өмнө “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн уран бүтээлч нөхөд бүр нь 100 мянган төгрөгийг олж андынхаа эмчилгээний зардалд хандивлахаар боллоо” гэсэн бол ТВ10 телевизийн захирал Ө.Отгонбаатар “Бидний ажил асар хүнд, стресс ихтэй, цаг наргүй хөдөлмөр. Энэ нь сэтгүүлчдийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Б.Эрдэнэцогтынхоо эмчилгээний зардлыг олохын төлөө МҮОНТ, ТВ10, ТВ9 гээд олон телевиз нэгдэн, өөрсдөөс шалтгаалах зүйлийг хийж, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаа” хэмээсэн юм.
Сэтгүүлчдийн санаачлагаар Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргалын нэр дээр Хаан банкинд 5031681805 тоот хандивын данс нээжээ. Данс нээсэн даруйд “Ардчилал” сонин, assa.mn сайтынхан үзэгт нэгт нөхрийнхөө эмчилгээнд зориулан мөнгө цуглуулснаа шилжүүлсэн бол “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Шинэ Монгол” радио, “Монголын үнэн” сонин, “Шинэ дэлхий” телевизийн хамт олон бас анхны хандивлагчид болсон байна. Түүнчлэн 155889 дугаарт мессэж илгээн сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээнд хандив өргөж болох юм.