Дубайд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг суллажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Дубайд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг суллажээ

Арабын нэгдсэн Эмиратын Дубайн төвд хүчирхийлэлд өртсөн норвег бүсгүйн хэрэг багагүй маргаан дагуулаад байсан билээ. Тэгвэл Дубайн талаас түүнийг хэргээс чөлөөлж, нутаг буцахыг зөвшөөрсөн байна. Интерьер дизайнераар ажилладаг Марте Дебора Далелв гэгч эмэгтэй өнгөрсөн гуравдугаар сард Дубайд бизнес аяллаар явж байгаад хүчирхийлэлд өртжээ. Тэр энэ тухайгаа хэлж, цагдаагийн байгууллагад хандсан боловч гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орсон, согтууруулах ундаа хэрэглэсэн, худал мэдүүлэг өгсөн хэрэгт өөрөө буруутгагдаж, ял сонсох хэмжээнд хүрчээ. Түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн хугацаанд гурван ч удаа болж, түүнд 16 сар хорих ял оноосон байна.

Бүсгүйн энэ хэрэг олон улсын хүний эрхийн байгууллагууд, Норвегийн эрх баригчдын дургүйцлийг төрүүлээд байсан юм. Ямартай ч Дубайн талаас бүсгүйг чөлөөлсөнд Норвегийн Гадаад харилцааны сайд Эспен Барт Айде твиттертээ “Марте эрх чөлөөтэй боллоо. Бидэнд туслалцаа үзүүлсэн бүх хүнд талархал илэрхийлье” хэмээн бичжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж