Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ


-Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэж,
100 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ-

Хувь эзэмшигч нь гадны компаниас ихээхэн хэмжээний зээл авч, түүнийгээ төлж чадаагүйн улмаас санхүүгийн хүндрэлд орсон Хадгаламж банкны талаарх дуулианд Монголбанк тайлбар хийлээ.  Хоёр жилийн өмнөөс буюу 2011 оноос эхлэн  санхүүгийн байдалд нь хүндэрсэн Хадгаламж банкинд үүссэн асуудлыг төв банкны зүгээс мэдэж байсан бөгөөд өдгөө тодорхой актив, пассив хөрөнгийг Төрийн банктай нэгтгэхээс өөр зөв гарц байхгүй байгаагаа Монголбанкны удирдлагууд учирлалаа. Хадгаламж банкны цорын ганц хувь эзэмшигч буюу “Жаст”-ын гэдгээрээ олны танил болсон Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавин байж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан ч үүнийгээ төлж чадаагүйн улмаас банкиа дампууруулахад хүрчээ. Төв банкны зүгээс Хадгаламж банкинд үүсээд байгаа асуудлыг хоёр жилийн өмнөөс гадарлаж,  санхүүгийн чадварыг нь дэмжих үүднээс  тэтгэвэр тэтгэмж болон төрийн  зарим үйлчилгээг тус банкаар дамжуулж байсан аж. Гэсэн ч Монголын урдаа барьдаг таван банкны нэг болох Хадгаламжийн санхүүгийн асуудал хүндэрсээр байсан тул ийнхүү Төрийн банкинд нэгтгэхээр шийдвэрлэсэн байна. Өнөөдрөөс эхлэн Хадгаламж банкны зарим салбар нэгж, актив хөрөнгийг Төрийн банкинд нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлсэн гэдгийг төв банкны удирдлагууд дуулгасан. 

Хадгаламж банк нь нийтдээ 980 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд үүний 800 тэрбум нь  харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө юм байна. Хоёр банкны актив хөрөнгийг нийлүүлснээр Хадгаламж банкны 1,7 сая харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгийг хамгаалах, эрсдлээс хамгаалах үйлдэл болсон гэдэг тайлбарыг ч төв банкныхан өглөө. Хадгаламж банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчийн хөрөнгө шууд автоматаар Төрийн банкинд шилжиж байгаа бол мөн Хадгаламж банкны ажилтнууд ч мөн Төрийн банкинд шууд харьяалагдах болно гэдгийг дуулгасан.  Яагаад өөрийн хөрөнгөөсөө давсан зээл авч байхад төв банк хяналт тавиагүй вэ гэдэг асуултад Монголбанкны удирдлагуудын зүгээс “Хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг мэдэж байсан. Төрөөс чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлсэн ч  болоогүй” гэдэг тайлбар хийсэн. Төрийн банкинд шилжүүлэх болсон шалтгаан нь гэвэл сүүлийн гурван жил Төрийн банкны үйл ажиллагаа сайн явж байгаа, тиймээс Хадгаламж банкийг нэгтгэж, актив хөрөнгийг нь томсгосны дараа хоёр гурван жилийн дараа хувьчлах зорилготой нь холбоотой бололтой. Төрөөс уг хоёр банкийг нэгтгэсний дараа 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалт болохоос хохирогчдын мөнгийг төлсөн “Зоос”, “Анод”-ын асуудлаас тэс өөр зүйл, өөр арга зарчим гэдгийг төв банкныхан анхааруулна лээ. “Анод”, “Зоос” банкныханд өр төлбөрийн асуудал үүссэн. Харин энэ удаад өр төлбөрийн асуудал үүсэхээс өмнө Төрийн банкинд нэгтгэж, урьдчилсан арга хэмжээ авч байгаагаараа өөр гэв.

Хадгаламж банкны хувьд харилцагчийн хадгаламжийг буцаан өгөх чадвартай байгаа ч зээлийн чанар нь илт муудсан гэнэ. Хадгаламж банк нь  Монгол Улсын бүх аймаг, сумдад 503 салбар нэгжээрээ дамжуулан тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн санхүүгийн үйлчилгээний 55 гаруй хувийг хариуцдаг байжээ.  Нийт 3268 ажилчинтай, Монголын топ таван банкны нэг байв. Тус банк өмнө нь төрийн мэдэлд байсан бөгөөд Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны дарга байх үед оросуудад хувьчлагдаж,  тухайн үедээ мөн л бөөн хэл ам таталж байсан. Учир нь тус банкны ерөнхий нягтлан бодогч Ч.Чимэдцэрэн 14 тэрбумыг зувчуулсан хэрэг илэрч, үүний хохирол төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр шийдвэрлэж байсан. Ч.Чимэдцэрэнгийн хувьд гурван жил шоронд ял эдэлсэн бөгөөд хохирлоо өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа билээ.  Ямар ч байсан цорын ганц хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгээс болж Хадгаламж банкны 1,7 сая харилцагчийн эрх ашгийг хамгаалахаар Монголбанк арга хэмжээ аваад байгаагаа зарлалаа. Харин “Жаст”-аар овоглосон Ш.Батхүүгийн асуудлыг хууль хяналтынхан шийдвэрлэх бололтой.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж