Монголын орчин үеийн калиграфчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Баттөмөртэй уулзлаа.
-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог?
-Өмнө нь бид Японы калиграфчидтай хамтран үзэсгэлэнгүүдээ гаргаж байсан. Мөн Японы Ерөнхий сайд байсан гурван хүн, парламентийн дээд, доод танхимын гишүүд, улстөрчид гэд калиграф бичдэг хүмүүс, мөн Монголын УИХ-ын 30 гаруй гишүүнд би хичээл зааж, Японд хамтарсан үзэсгэлэн гаргаж байлаа. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хамгийн гол онцлог нь Япон дахь Олон улсын уран бичлэгийн нийгэмлэгийн Ерөнхий менежер Нода Кожи Монголд ирж, Японы дэлхийд алдартай том мастеруудын бүтээлийг дэлгэн харуулж байна. Энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд Японыг төлөөлөн дэлхийн 20 гаруй орноор аялсан юм. Дараа жил Японд Монголын сайн мастеруудын бүтээлийг аваачиж, хамтарсан үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтөй байна.
-Япончуудын ямар бүтээлүүд дэлгэгдэв ээ?
-Энд сүмийн зураг болон бэхэн зураг, калиграф, шодо аль аль нь ч байна. Их том мастеруудын бүтээлүүд байна л даа. Японы өвөрмөц техникүүдийг аль болох олон талаас нь харуулахыг зорьсон.
-Монголын калиграфчдын холбооноос ямар уран бүтээлүүдийг дэлгэж байгаа вэ?
-Манайх жил бүр мэргэжлийн хүмүүсийг хамруулсан “Шинэ цас” үзэсгэлэнг тогтмол гаргадаг. Энэ үзэсгэлэнд бүтээлээрээ оролцоно гэдэг бол тухайн уран бүтээлчийн төвшин сайжирсан гэсэн үг. Энэ үзэсгэлэнгээс бид жил бүр нэг уран бүтээлчийг шалгаруулж шагнадаг. Монгол Улсын хамгийн мундаг калиграфийн мастерын шагналыг сүүлийн хоёр жил ёкозуна Хакухо М.Даваажаргал ивээн тэтгэн өгч байгаа.
-Үүний дараа Монголын калиграфчид ямар үзэсгэлэн дэлгэх бол?
-Японд үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа. Бид калиграфын урлагаар Ази тивд энх тайвныг тогтоох зорилт тавиад байгаа. Учир нь Азийн орнууд бүгдээрээ бийрэн калиграфийн урлагийг бүгд эзэмшсэн. Би Хойд Солонгост үзэсгэлэнгээ гаргаж байсан, харилцан адилгүй үзэл бодол байсан хэдий ч урлагаар нэгдэх буюу калиграфын урлагаар зүүн хойд Азийг нэгтгэх бодлого төлөвлөгөөнүүд явагдаж байгаа.
Мөн үзэсгэлэнгийн нээлтийн дараа Япон дахь Олон улсын уран бичлэгийн нийгэмлэгийн Ерөнхий менежер Нода Кожитой цөөн хором ярилцлаа.
-Байгууллагынхаа талаар сонирхуулахгүй юу?
-Манай нийгэмлэг нь Японы уран бичиг, бийрэн зургийг дэлхий дахинд таниулахын тулд 20 дахь жилдээ Ази, Европын орнуудад үзэсгэлэнгээ гаргаж байна. Энэ жил бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, Монголын калиграфчдын холбооны уран бүтээлчидтэй хамтран энэ үзэсгэлэнг гаргах болсондоо сэтгэл маш хангалуун байна. Би үүнд өөрийнхөө зүгээс маш их баяртай байна.
-Японы уран бүтээлчид Монголын үзэгчдэд ямар бүтээлүүдээ голлон дэлгэв?
-Бид бүхэн уран бүчлэг, бийрэн зураг гэсэн хоёр төрлийн бүтээлүүдийг голлон авчирсан байгаа. Эдгээр бүтээлүүд дотор уламжлалт эртний маягаар бичигдсэн бүтээлүүд байгаа бөгөөд мөн орчин үеийн абстракт маягаар хийсэн бүтээлүүд гээд аль аль нь байгаа.
-Монголын калиграфчдын бүтээлийг үнэлбэл?
-Бид өмнө нь Хятадад хэд хэдэн удаа үзэсгэлэнгээ дэлгэж байсан. Тэр хугацаанд Өвөрмонголын калиграфчдын бүтээлүүдтэй танилцаж байсан. Монголын каллиграфчдын бүтээлийг харж байхад Өвөрмонголчуудаас ялгаатай тал байгааг олж харсан. Энэ бол баригдмал биш, шинэлэг, орчин үеийн бүтээлүүд төрөн гарсныг хараад үнэхээр гайхсан.
-Японы уран бичлэг хэзээ үүссэн бэ. Бусад калиграфаас юугаараа ялгаатай вэ?
-Японы уран бичлэг буюу шодо мянга гаруй жилийн өмнөөс үүсэлтэй. Өөрөөр хэлбэл Хятадаас ханз орж ирсний дараахан уран бичлэг, бийрэн бичлэг үүссэн гэж үздэг. Калиграф бол манайд эртний уламжлалаа хадгалж, огцом тод өөрслөлт хийгдээгүй тэр л эртний уламжлалаа хадгалан хөгжиж байгаа. Харин Монголын калиграфчдын бүтээл цоо шинэ, орчин үеийн урлаг болон хөгжсөн байгааг би харж байна.