Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Харгантын хөтөлд өнгөрөгч бямба гаригт шигшмэд хурдан хүлгийн “Их хурд-6” уралдаан боллоо. Энэ удаагийн уралдаанд 57 азарга, 74 их насны морьд уралдсан юм. Харин энэ удаагийн “Их хурд”-ын хамгаалтанд 380 гаруй цагдаагийн албан хаагчид оролцсон нь “зуун ямаанд жаран ухна” гээчийн үлгэрээр олонд харагдаж, наадамчин олныг бухимдуулж байлаа. Учир нь морьд барианд орж ирэх 40 орчим минутын хугацаанд л морины хамгаалалтад зогсч байсан тэд наадамчин олон төдийгүй, уралдааныг зохион байгуулах комиссынхоны хүртэл алхах гишгэхийг зааж байсан. Ийнхүү цагдаагийн 380 орчим албан хаагч “Их хурд”-ын далимаар салхилсан гэхэд болно.
Мөн “Их хурд-6” уралдааны үеэр хамгийн эрэлттэй боловч хамгийн үнэтэй зүйл нь бие засах газар байсан юм. Ердөө тавь орчим сантиметр орчим газар ухсаныгаа дөрвөн модонд ороон даавуугаар халхалсан “00”-ын үнэ 200 төгрөгөөс эхэлсэн боловч 600 хүртэл нэмэгдсэн. Тиймээс гурван жил тутамд зохиогддог Монголын шигшмэл хурдан хүлэг шалгаруулах “Их хурд” уралдаан уламжлал болон явагддаг Харгантын хөтөл орчмын газрыг тохижуулан наадамчин олны тав тухыг хангах тал дээр илүү анхаарвал зохилтой мэт.
Т.ДАРХАН