“Улаанбаатарын үдэш”-ээр…

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

“Улаанбаатарын үдэш”-ээр…

Саятан хотын чимээт амьдралын шөнийн хэмнэлийг тодорхойлогч “River Sounds” амьд дуу хөгжмийн клубын тайзнаас хайсан хүнд эрлээ олохын жаргалыг мэдрүүлэм дотно зөөлөн аялгуу сонсогдоно. Тэнд Сахал Пүүжээ (МУ-ын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдорж)  хар цагаан даралттай хөгжмийнхөө дэргэд хэдийн суугаад “Улаанбаатарын үдэш” аязыг тоглож байна.

Даруухан энгийн байдал, нүдний шилний цаанаас харах зөөлөн харц, энэ хүнээс хамгийн этгээд гэж харвал овог шиг нь болсон сахал.

Пүрэвдоржийн томоохон бүтээл болох “Дэлхий ээжийн төрсөн өдөр” хүүхдийн дуурь, үе үеийн залуусын сэтгэлийн дуудлага болсон “Улаанбаатарын үдэш”, “Нандин эрдэнэ”, “Талын Монгол”, одоо ч аманд аялагдан хүүхэд насны минь гэгээн дурсамж, зуслангийн зугаатай өдрүүдийг улам амттай болгодог байсан “Шинэ өглөө”, “Түүдэг гал”, “Тавтай нойрсоорой” “Дурсгалт зун” гээд бүтээл бүрээс нь түүний хүсэл мөрөөдөл нь, хэлэх гэсэн санаа нь сонсогдоно.

1985 оноос “Инээмсэглэл” хамтлагийн хамтрагч байж, дуучин Н.Ганхуягтай “Хөх тэнгэр” хамтлагийн үүсгэгч болсон. 1988 он бол Монголын хөгжмийн урлагийн түүхэнд түүний ирсний эхний мөр байлаа. Энэ хамтлагаас Монголын рок попын энэ цагийн алдартай уран бүтээлчдийн замнал эхэлсэн. Б.Сарантуяа, Б.Дашдондог, Б.Цогоо, Б.Батчулуун, Г.Энхбаяр, н.Сансаргэрэлтэх, гитарчин Д.Өлзий-Орших гээд олон дуучид хөгжимчдийг “Хөх тэнгэр” төрүүлсэн.

Г.Пүрэвдорж 1993 онд “Black & White”  хамтлагийг байгуулсан. Анхны бүрэлдэхүүнд саксфончин Г.Болдбаатар, гитарчин Т.Жандал, М.Отгонбаяр, төгөлдөр хуурч н.Ганбат, дуучин Л.Уянга, Ж.Чингис нартай хамтран ажиллаж байлаа. 

2000 оноос 13 жилийн туршид “River Sounds”-ийн тайзнаа тоглохдоо дуучин С.Наран, Ж.Чингис, С.Сэрчмаа, н.Оюунбилэг, Ц.Хулан, хийлч Ч.Дэлгэрцэцэг, хийлч н.Отгоо гээд гадаад дотоодын олон уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ.

Хөгжмийн уран бүтээлтэй амьдралаа холбосон 50 гаран жил, дуулсан дуучид нь үнэ цэнэтэй байж, дуулагдсан бүтээл бүр нь мартагдашгүй байна гэдэг уран бүтээлч хүний мөнхийн дурсгал.

1993 оноос өнөөдрийг хүртэл “Black and White” хамтлаг, дуучин Н.Ганхуяг, гитарчин Т.Жандал, М.Отгонбаяр, бөмбөрчин н.Одхүү, дуучин Ж.Буянтогтох, н.Уянга, Ансу нартайгаа шинэ уран бүтээлээ туурвисаар, шинэ уран бүтээлчдийг төрүүлсээр…

Эрж хайсан сэтгэлийн цэнгэлээ олж аваад, их хотынхоо үдшийн шивнээнд уусах мэт гарч алхахад цагаан хар товчлуур дээр 28 жилийн өмнө зохиосон “нутгийнх нь дуу” эгшиглэсээр…

River sounds club-ын гараанаас хамт алхаж, түүхийг маань хамтдаа бичилцэж яваа, Улаанбатарын үдшийн аялгууг эгшиглүүлэгч Хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдорж ахдаа МУ-ын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн болсонд баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Таны хөгжмийг сонсох дуртай үйлчлүүлэгчдийнхээ сонорыг мялаасан бүтээл бүрээрээ хамт байдагт баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж