
Мөрдөн байцаалтын явцад Ж.Чайлмерс Монголбанкыг залилж, 21 сая ам.доллар авсан нь тогтоогдсон тул Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Түүний гэм буруу нь шүүхээр тогтоогдвол 5-10 жил хорих ялаар шийтгүүлэх байжээ. Гэтэл эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх хурал болохоос 3-4 хоногийн өмнө залилагч Жорж Чайлмерс хил даван оргосон байна. Жорж Чайлмерс нь “Чингис хаан” нисэх буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрсэн нь албаны хяналтын камерийн бичлэгт үлджээ. Жорж Чайлмерс нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс батлан даалтад гараад байхдаа оргосон тул түүний оргоход хууль хяналтын байгууллагын ажилтнууд оролцсон байж болзошгүй гэх мэдээлэл Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт ирсэн тул шалгаж эхлээд байгаа аж. Одоогоор хэрэгтэн Ж.Чайлмерсыг УМБГ, Интерполын үндэсний товчоонд хандан олон улсад эрэн сурвалжилж байгаа юм.
М.Урин