
Харин төрийн өмчит их сургуулиудын шинэ захирлуудын сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт явагдаж дууслаа.
Захирлын албан тушаалд өрсөлдөхөөр МУИС-д 10, ХААИС-д 10, ШУТИС-д 14, ЭМШУИС-д 16 нийт 50 хүн нэрээ дэвшүүлж материалаа ирүүлсэн аж. Эхний шатны сонгон шалгаруулалтаар ШУТИС-иас тав, ЭМШУИС-иас гурав, ХААИС-иас гурван хүн хасагджээ. Харин МУИС-иас дөрвөн хүн хасагдаж нэг хүн нэрээ татаж авсан байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, ажилласан жил хүрээгүй, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар хасагджээ. Их, дээд сургуулийн захиралд нэрээ дэвшүүлэгчдэд докторын зэрэгтэй, тухайн их сургуулийн эрхэлдэг сургалтын аль нэг чиглэлээр дээд боловсролтой, тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн, боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан, менежмент, эрх зүйн зохих мэдлэг, туршлагатай, байгууллагын хамт олон, сургалт, судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, хоёроос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй зэрэг шаардлагуудыг тавьжээ.
Сонгон шалгаруулалтын үнэлгээг онооны зарчмаар хийх аж. Нийт 100 онооны үнэлгээтэйгээс босго оноо нь 80 гэнэ. 80-аас дээш оноо авсан нэр дэвшигчийг шаардлага хангасанд тооцон төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд танилцуулах юм байна. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс сургууль тус бүрээс нэг хүний нэрийг сонгож БШУ-ны сайдад танилцуулах нь. Тухайн нэр дэвшигчийг сайд баталгаажуулах л үүрэгтэй юм байна.
Дашрамд дурдахад өмнө нь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2-3 хүний нэрийг дэвшүүлж тэндээс БШУ-ны сайд нэгийг нь сонгож баталгаажуулдаг байжээ. Харин энэ жилээс төрийн албаны зөвлөлөөс 60 дугаар тогтоол гаргаснаар салбар зөвлөлөөс нэг нэр дэвшигчийн нэрийг сонгон шалгаруулж сайдад өргөн мэдүүлдэг болж байгаа юм.