Цэрэгт явсан залуу хэрхэн хатуужиж, эр хүн болдогийг харуулах зорилгоор нэлээд хэдэн жилийн өмнө одоогийн Гадаад харилцааны сайд Л.Болдын санаачлагаар “Тусгай салаа” телевизийн олон ангит уран сайхны кино бүтээгдэж, үзэгчдийн хүртээл болж байв. Уг кинонд гол дүр бүтээсэн жүжигчдийн нэг болох Г.Эрхэмбаяр монголчуудын дунд Дэндэв нэрээрээ алдаршиж дунд сургуулийн сурагчаас эхлээд настан буурал хүртэл андахгүй болсон. Мөн цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо ч олширсон гэдэг. Түүнээс хойш телевизийн олон ангит кино хэд, хэд гарсан ч зарим нэг нь “Тусгай салаа”-г гүйцээгүй гэх нь бий. Ямар ч байсан УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа С.Ламбаа Эрүүл мэндийн сайд байхдаа тус салбарынхны ажил, амьдралын жаргал зовлонг харуулсан нэг сайн бүтээлтэй болохыг зорьж санаачлага гарган “Өдөр өдрийн нар” телевизийн олон ангит киног бүтээлгэсэн ч эмч нарт таалагдаагүй гэх нь бий. Тэд “Эмч нарыг доромжилсон кино болсон” гэж бухимддаг гэнэ лээ. Хэдийгээр эрүүл мэндийн салбарынхан тус кинонд сэтгэл дундуур ханддаг боловч араас нь “Амьдрал чиний төлөө” телевизийн олон ангит кино мөн л МҮОНТ-ийн уран бүтээлчдийн гараар дамжиж бүтээгдсэн бол одоо “Нарны жим” нэртэй онцгой байдлын аврагчдын ажлын онцлогийг харуулсан дэлгэцийн бүтээл гарах болж байна.
Саяхан уг киноны төслийн нээлт болж дээрх арга хэмжээнд Шадар сайд Д.Тэрбишдагва оролцох үеэрээ уран бүтээлчдэд амжилт хүсч кино бүтээхэд дэм болгож цалингаа хандивлахаа мэдэгдсэн. Үер ус, гал, газар хөдлөлт гээд гамшиг бүхний өөдөөс сөрөн зогсдог онцгойгийнхны ажил мэргэжлийн онцлогийг харуулсан энэхүү олон ангит кино нь “Тусгай салаа”, “Амьдрал чиний төлөө” зэрэг киноны нэгэн адил үзэгчдийн сэтгэлд хүрсэн сайн бүтээл болтугай гэж ерөөе.
Г.ШАРХҮҮ