“Шинэчилье”-гийн залуус Бага хурлыг шаардав

Хуучирсан мэдээ: 2013.07.20-нд нийтлэгдсэн

“Шинэчилье”-гийн залуус Бага хурлыг шаардав

МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний залуус Бага хурлыг энэ сарын 30-нд зарлан хуралдуулахыг шаардсан бичгийг намын удирдлагууддаа өнгөрсөн пүрэв гаригт хүргүүлжээ. Мөн энэхүү шаардах бичигт Бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт “Шинэчилье” хөдөлгөөнөөс таван гишүүнийг оруулахыг хүссэний зэрэгцээ эл хурлыг өргөтгөсөн хэлбэрээр нээлттэй зохион байгуулах, намын дарга Ө.Энхтүвшин, намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Удирдах зөвлөл, Хэрэг эрхлэх газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаад буй юм байна.

Шаардах бичгийн хариуг намын удирдлагууд ирэх даваа гаригт “Шинэчилье” хөдөлгөөний залууст өгөх ёстой. Хэрвээ хариу өгөхгүй бол тус хөдөлгөөнийхөн Бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар долдугаар сарын 30-нд Бага хурлыг хийж, тавьсан шаардлагынхаа хүрээнд асуудлыг шийднэ хэмээн үзэж буй аж. Энэ тухай мэдээллийг бид “Шинэчилье” хөдөлгөөний гишүүн н.Мөнхжаргалаас тодруулж авлаа.

Сануулахад, МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн зургадугаар сарын 30-нд хуралдаж Бага хурлыг наадмын дараа зохион байгуулах шийдэлд хүрсэн юм. Гэвч тус намын нарийн бичгийн дарга Ш.Сүхбаатарын тайлбарласнаар наадмын дараа Бага хурлыг зохион байгуулахад гишүүдийн ирц хангалттай хэмжээнд бүрдэхгүй байх нөхцөл байдал үүсч буй тул долдугаар сарын сүүлээр хуралдаж магадгүй” гэж мэдэгдсэн. Харин нэр бүхий гишүүний тайлбарласнаар бол Бага хурлыг наймдугаар сарын 3-4-ний хооронд зарлан хуралдуулах чигийг намын удирдлагын төвшинд барьж байна гэж хэлсэн ч “Шинэчилье” хөдөлгөөний залуус тус хурлыг энэ сардаа багтаахыг шаардах болов. Өмнө нь тэд улсын баяр наадмын өмнө Бага хурлыг хийх ёстой, наадмын дараа гэж назгайрваас Их хурал намар болж оройтон удирдлагууд энэ хугацаанд цаг хожиж шинэчлэл хийхэд хойрго хандаж сандал суудалтайгаа зууралдаж үлдэхээ илүүд үзнэ гэж байв.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж