Одоо Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болж байна.
Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ой арга хэмжээний нээлт дээр Хил хамгаалах ерөнхий газрын сэтгэл зүй, соёл судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Баатарсүрэнтэй уулзлаа.
-Хил хамгаалах байгуулагын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Хил хамгаалах байгуулагын 80 жилийн ой өнөөдөр болж байна. Хил хамгаалах байгууллага маань Монгол Улсын 8000 гаруй километр хилийг хамгаалсан ахмадууд энэ албанд зүтгэж байгаа хилчин дайчид түүний ар гэр бүл, хамтын ажиллагаатай байгууллагууд, одоо Монгол Улсынхаа дархан хилийг хамгаалж байгаа хилчин дайчид бид хамтаараа ойгоо тэмдэглэж байна. Ой тэмдэглэнэ гэдэг бол 80 жилийнхээ түүхэнд хүрсэн өндөрлөгөөс харж, хөгжлийнхөө түүхийг дүгнэн цэгнэж, энэ албанд зүтгэж байсан ахмадын үе үеийн төлөөлөлдөө баяр хүргэж, эдгээр хүмүүст хүндэтгэл үзүүлж байдгаараа ойн онцлог байдаг. Ингээд нийт алба хааж байгаа, энэ албанд зүтгэж байсан үе үеийн хилчдэд хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойг мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнйиг хүсэн ерөөе.
-Өнөөдөр хилчид ойдоо зориулан томоохон наадмыг хийж байна. Наадмын хөтөлбөрт ямар үзүүлбэрүүд багтаж байгаа вэ?
-Өнөөдөр бол манай баярын хоёр дахь өдрийн үйл ажиллагаа явагдаж байна. Одоо цэргийн ёслол хүндэтгэлийн жагсаал болно. Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Өнөөдөр тэтгэвэрт гарсан ахмад хилчид жагсана. Хил хамгаалалтад ашигладаг морин бэлтгэлийн жагсаал болон мөн албаны бэлтгэл, үзүүлэх тоглолтууд болно. Үүний дараа баярын үндсэн үйл ажиллагаанд зориулсан хүчит бөхийн 128 бөхийн барилдаан болно. Үүнийг бүх хүчний байгууллагынхан үзэж сонирхоно.
-80 жилийн түүхэнд ямар онцлог үйл явдлууд болж байв?
-Хил хамгаалах байгууллагын түүх 80 жилээр зогсохгүй энэ чинь орчин үеийн Хил хамгаалах байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэж байгаа юм. Монгол улс Хүннү, Сүннүгийн үеээс нааш хилээ хамгаалж ирсэн баатарлаг түүхтэй. Монгол Улсын хил өнөөдөр бүрэн баталгаажсан, эрх зүйн акт бүрдсэн. НҮБ-д 1962 онд бүртгүүлсэнээс хойш урд, хойд талын хил үндсэндээ баталгаажсан. Би ийм бүрэн баталгаажсан албанд ажиллаж байгаагаараа хувь хүнийхээ үүднээс бахархдаг. Манай улс шиг түүхээ баяжуулсан, хилээ тогтоон, бүрэн баталгаажуулсан улс дэлхийн орнуудад цөөхөн.
-Гадаад харилцаа өнөөдөр ямар шатанд байна?
-Өнөөдөр манай ойн баярт хоёр том хөрш гүрэн буюу ОХУ, БНХАУ-аар зогсохгүй АНУ, Энэтхэг, Финляндын хүндэт зочид Хил хамгаалах байгуулагын 80 жилийн ойн баярт ирчихсэн байна. Үүгээр манай орны хил хамгаалах байгууллагын гадаад харилцаа хэр юм бэ гэдгийг харуулж байгаа томоохон үзүүлэлт, түүх гэж хэлж болно.
Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ой арга хэмжээний үеэр Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, спортын мастер, бэлтгэл дэд хурандаа Д.Баатархүүтэй цөөн хором ярилцсан юм.-Хил хамгаалах байгуулагын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хилийн цэрэгт хэчнээн жил алба хаасан бэ?
-Би хилийн цэргийн албанд 30 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан 64-тэй, цэргийн бэлтгэл дэд хурандаа. 1983 онд хилийн цэргийн 50 жилийн ойгоор гэр бүлийнхээ хүний хамт урилгаар оролцож байсан. Өнөөдөр бас уригдан ирсэндээ маш их баяртай байна. Нийт хилчиддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Хилийн цэрэгт байсан үеэ эргэн дурсаж ярихгүй юу?
-Би хилийн цэргийн заставын даргаар 14 жил ажилласан. Хилийн застав бол хил хамгаалах байгууллагын үндсэн салбар. Гол үүргийг гүйцэтгэдэг салбар, удирдлага. Надтай хамт ажиллаж байсан хоёр орлогч бэлтгэл дэд хурандаа Дурсгалджав, Будаев нар өнөөдөр бас ойн арга хэмжээнд урилгаар оролцож байна. Бид хуучнаа эргэн дурсан сайхан байна даа.
-Таны энгэрт спортын мастер гээд, спортын олон уралдааны алт, мөнгөн медалиуд гялалзаж байна л даа. Спортын ямар төрлөөр хичээллэж байв?
-12 настайгаасаа би спортоор хичээллэж эхэлсэн. Цанын спортын мастер цолтой. Волейбол, хөлбөмбөг, цана гээд спортын олон төрлөөр хичээллэсэн дээ.
-Өнөөдөр хил хамгаалах байгуулагын 80 жиллийн ойн арга хэмжээний туг мандуулах ёслолд оролцох хүндтэй үүргийг хүлээсэн. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өнөөдөр баярынхаа ёслолын тугийг дэлхийн аварга, манай хилийн цэргийн командлагч генерал, гавьяатуудтай зогсоод туг өргөх гэж буйдаа баяртай байна. Сэтгэл өндөр байна аа.
Ази тивийн болон дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ, ахмад С.Батцэцэгтэй уулзан баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Баяраа сайхан тэмдэглэж байна уу?
-Баярлалаа. Өнөөдөр энэ том байгууллагын 80 жилийн ойд оролцож байгаадаа баяртай банйа. Нийт хилчиддээ болон хилийн зурвас дээр байгаа хилчиддээ баярын мэнд хүргэе.
-ОХУ-ын Казань болсон тэмцээнээс алтан медаль аваад ирлээ.
– Тиймээ, ОХУ-ын Казань хотноо болсон дэлхийн Оюутны Универсаль наадамд оролцож алтан медаль авсан. Манай баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн. Өнөөдөр хил хамгаалах байгуулагынхаа 80 жилийн ойдоо оролцож байна.
-Дараагийн оролцохоор төлөвлөж байгаа ямар тэмцээн, уралдаан байна?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 20-нд болно. Тэрэнд оролцохоор бэлтгэлээ хийж байна даа.
-Амжилт хүсье.