
Өр зээлээ дийлэхээ байсан АНУ-ын Детройт хот дампуурснаа зарласан байна. Нэгэн цагт Америкийн аж үйлдвэрлэлийн билэг тэмдэг гэгддэг байсан тус хотын хүн ам, томоохон үйлдвэрүүд сүүлийн арван жилд эрс цөөрсөн гэнэ. Детройтын хямралын эсрэг тэмцэх албаны тэргүүн Кевин Орр өчигдөр Холбооны шүүхэд хотыг дампуурсныг ийнхүү мэдэгджээ.
Хэрвээ дампуурал нь албан ёсоор батлагдвал АНУ-ын түүхэнд байгаагүй хамгийн том дампуурал болно хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Детройт хотын төсвийн алдагдал 380 сая ам.долларт хүрч, дотоод өр нь ойролцоогоор 17-20 тэрбум ам.долларт хүрчээ. Детройтыг дампуурч буй мэдээллүүд өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн хүчтэй цацагдах болсон юм. Хоёр сая орчим хүн амтай хот одоогоор дөнгөж 700 мянган хүн амтай болсон гэнэ.
