Захирлын албан тушаалд өрсөлдөхөөр МУИС-иас 10, ХААИС-иас 10, ШУТИС-иас 14, ЭМШУИС-иас 16 нийт 50 хүн нэрээ дэвшүүлж материалаа ирүүлсэн аж. Эхний шатны сонгон шалгаруулалтаар ШУТИС-иас тав, ЭМШУИС-иас гурав, ХААИС-иас гурван хүн хасагджээ. Харин МУИС-иас дөрвөн хүн хасагдаж, нэг хүн нэрээ татсан байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, ажилласан жил хүрээгүй, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар хасагджээ.
Төрийн өмчит их, дээд сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт ямар дүрэм, журмаар хэрхэн явагдсан талаар албаны хүмүүсээс тодруулахад,
-Төрийн албаны зөвлөлөөс 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрээр "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг шалгаруулахдаа баримталж ажиллах журмыг баталсан. Тус журмын 1.4.1-т зааснаар "Яамны шууд харьяа байгууллага (их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв, соёл, урлаг, шинжлэх ухааны байгууллага, улсын чанартай театр, чуулга, нэгдсэн эмнэлэг зэрэг)-ын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн журамд заасны дагуу зохион байгуулна" гэснийг үндэслэн захирлуудын сонгон шалгаруулалтын ажлыг явуулсан. Журамд зааснаар удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссыг салбар зөвлөлийн даргын шийдвэрээр байгуулдаг гэлээ.
Журмын 9.1-д "Энэхүү журмын дагуу салбар (эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, биеийн тамир, спорт зэрэг)-ын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн сонгон шалгаруулалтын төрөл, үнэлгээг өгөх удирдамж, зааврыг батлан мөрдүүлж болно гэсэн заалтыг үндэслэн БШУЯ-аас "Төрийн өмчийн их сургуулийн захирлыг сонгон шалгаруулахад баримтлах аргачлал"-ыг баталсан байна. Уг аргачлалд их сургуулийн захирлын ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байхаар заажээ.
Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Докторын | Профессор |
Мэргэжил | Тухайн | |
Мэргэшил
| Тухайн | |
Туршлага | Боловсрол, Менежмент, эрх зүйн зохих мэдлэг, туршлагатай | Их, |
Ур чадвар | Байгууллагын 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй | Удирдах арга барил, манлайлах, харилцааны |
Тусгай шаардлага | хууль дээдлэх, ёс зүйн дүрмийг чанд |
Сонгон шалгаруулалтын үнэлгээг онооны зарчмаар хийх бөгөөд өгөх онооны хуваарийг комиссын хурлаар шийдвэрлэхээр аргачлалд тусгасан байна. Энэ дагуу тухайн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх тухай ярилцлага, нэр дэвшигчийн давуу тал, хөтөлбөрийг нь олон нийт үнэлсэн байдал зэрэгт удирдах зөвлөл, тус бүрт нь комисс оноо өгч үнэлсэн байна. Нийт 100 онооны үнэлгээтэй, босго оноо 80 байх бөгөөд 80-аас дээш оноо авсан нэр дэвшигчийг шаардлага хангасанд тооцон төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд танилцуулах юм.
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс сургууль тус бүрээс нэг хүний нэрийг сонгож БШУ-ны сайдад танилцуулснаар тухайн нэр дэвшигчийг сайд баталгаажуулах үүрэгтэй. Дашрамд дурдахад өмнө нь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2-3 хүнийг нэрийг дэвшүүлж тэндээс БШУ-ны сайд нэгийг нь сонгож баталгаажуулдаг байсан. Харин энэ жилээс төрийн албаны зөвлөлөөс гаргасан 60 дугаар тогтоолын дагуу салбар зөвлөлөөс нэг нэр дэвшигчийн нэрийг сонгон шалгаруулж сайдад өргөн мэдүүлдэг болсон байна.