Рюүо Э.Санчирболд зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2013.07.19-нд нийтлэгдсэн

Рюүо Э.Санчирболд зодог тайллаа

Рюүо Э.Санчирболд: Багадаа барилдаж үзээгүй, жижигхэн биетэй намайг сүмод дуртай болгож, хурцалж ирсэн найзууддаа баярлалаа

Монголын 10 дахь цолтой бөх, Миягино дэвжээний Рюүо Ноборү хэмээх Эрхэм-Очирын Санчирболд 19-ний өдөр зодог тайлсанаа зарлалаа. Маэгаширагийн 8 хүртэл дэвшиж явсан Рюүо хүзүүндээ хүнд гэмтэл авснаас хойш бэртэл нь бүрэн эдгэхгүй байсаар зодог тайлахаас өөр аргагүй болсон байна. Өнөөдөр Сүмогийн холбоонд зодог тайлах хэвлэлийн бага хурал зарласан Э.Санчирболдтой хурлаас өмнө онлайнаар харилцан ярилцлага авлаа.

-Яагаад зодог тайлах болов? Таныг дахин зиндаа ахиж барилдана гэж бодож байсан юм сан.

-Би 2003 онд хүзүүгээ гэмтээж байсан. Тэр гэмтэл маань одоо болтол бүрэн эдгээгүй, хэд хоног бэлтгэл хийхээр л хүзүү мэдээгүй болоод бэлтгэл хийх нь битгий хэл хөдөлж ч чадахаа больчихдог юм. Эрүүл мэндээ бодоод зодог тайлахаас өөр аргагүй болсон.

-Зодог тайлна гэж хэзээ шийдэв?

-Макүшитад унаснаас хойш зодог тайлна гэж бага багаар бодогдох болсон. Би уг нь ёкозүна Хакүхо, Харүмафүжи нарыгаа зодог тайлтал нь хамт барилдаж байх юм сан гэж их боддог байлаа. Одоо гэр бүл, үр хүүхэдтэй болохоор гэмтэж бэртээд барилдаад явах хэцүү байна. Зодог тайлна гэдгээ оякатад өнгөрсөн тавдугаар сарын тэмцээний өмнө хэлсэн. Харин Хакүхо М.Даваажаргалдаа хэлэх л хамгийн хэцүү байлаа. Багаасаа хамт нэг дэвжээнд жаргал зовлонгоо хуваалцаж өссөн болохоор би болино гээд хэлэх гэхээр нэг л эвгүй, халгаад байсан.

-Хакүхо аварга таныг зодог тайлна гэдгийг яаж хүлээж авав? Юу гэж хэлж байна?

-Мэдээж хэрэг, Даваад ч гэнэт тийм юм сонсох хэцүү байсан байх. Анх хэлэнгүүт “Юу яриад байгаа юм бэ? Хоёулаа дараа энэ талаар тухтай ярилцья” гээд ер хүлээж аваагүй. Харин бага багаар дасаад одоо л гайгүй болж байна. Ояката, дэвжээнийхэн маань намайг гэмтэл эдгэхгүй, бэлтгэл хийж чадахгүй байгааг дэргэд харж байсан болохоор ойлгож байсан байх. Ояката “Чи олон жил сайн барилдлаа, зүтгэлээ. Чиний хүчинд манай дэвжээ өдий зэрэгтэй байгаа. Их баярлалаа” гэж хэлсэн.

-Ингээд зодог тайлна гэхээр?

-Итгэхэд хэцүү байна. 14 жил барилдсан дохёогоо орхино гэдэг гунигтай ч гэмтэл бэртэл эдгэж өгөхгүй байгаа болохоор яах ч арга алга. Уг нь хүүдээ дээд зиндаанд дахин барилдаж байгаагаа харуулах юмсан гэж их хүсч байсан болсонгүй дээ.

-Гэр бүлийнхний чинь хувьд их харамсалтай мэдээ болсон байх даа?

-Эхнэр маань 14 жил сүмод хамаг юмаа зориулж, бараг бүх биендээ гэмтлээ. Одоо болисон нь дээр гэж хэлсэн. Аав, ээж, ах эгч нар харин одоо л санаа нь амарч байгаа байх. Гэмтэл бэртэл, өвчин зовлон гээд санааг нь их зовоож байсан болохоор бүгд боль боль л гэж байгаа. Ах “Одоо миний дүү биеэ бод, Дараагийн амьдрал чухал шүү” гэж байнга хэлдэг байсан юм.

-Сүмо бөхийн хүнийг татах сайхан зүйл нь юу юм бол? Яагаад та гэмтэн гэмтэн үргэлжлүүлэн барилдаад байв?

-Юуны өмнө шударга өрсөлдөөн. Хүний хөдөлмөрийг хэдхэн секундэнд тэр жижиг тойрог дотор ил тод гаргаж байгаа нь хүнийг татдаг болов уу. Сүмо бол жирийн нэг спорт биш Японы үндэсний түүх соёл учраас сонирхолтой байдаг. Үзэгчдийн нүдээр харахад бас өөр байдаг байх л даа. Яагаад барилдаад байсан бэ гэхээр гэр бүлийн хүндээ, дэмжиж тусалж байдаг хүмүүстээ дээд зиндаанд барилдаж байгаагаа дахин нэг харуулмаар санагдаж байсан болохоор л тэр.

-Энэ тэмцээнд 50 хувийн амжилт үзүүлсэн бол зодог тайлахгүй байсан уу?

-Түрүүлсэн ч зодог тайлах байсан. Нагояд зодог тайлна гээд бүр шийдчихсэн байсан.

-Зодог тайлж байгаа бөхчүүлээс таны хамгийн сэтгэлд үлдсэн барилдаан гэж асуудаг. Таны хувьд?

-Кёкүтэнхо Н.Цэвэгням ахтай барилдсан барилдаан. 2007 оны есдүгээр сарын тэмцээний эхний өдөр тааран, ёрикири мэхээр ялагдаж байсан. Багаасаа барилдааныг нь үзэж байсан монгол ахтайгаа барилдаад сэтгэл их хөдөлж байлаа.

-Монгол сүмочдоос хэнтэй нь ойр дотно байв?

-Мэдээж хэрэг нэг дэвжээний Хакүхо аварга. Анх сүмод хөл тавьснаас хойш Харүмафүжи, Мооконами нартай ойр дотно байлаа. Энэ хэдээсээ хол хоцорчихгүй юм сан гэж боддог байсан. Хамт бэлтгэл хийгээд л, хэн хэн нь шартай бараг зодолдох дөхнө. Харин бэлтгэл дуусангуут найзууд болоод хамт кино үзээд хэвтчихдэг. Япончууд энэ монголчууд ямар сонин юм бэ гэж гайхдаг байсан юм.

-Дээд зиндаанд гарж чадалгүй зодог тайлсан бөх олон байдаг.Таны хувьд 2007 оны долдугаар сарын тэмцээнд маэгаширагийн 8 дээр эрэмблэгдэж байсан. Комүсүби цол авчих боломж байсан даа гэж харамсдаг уу?

-Миний хувьд харамсах зүйлгүй 14 жил байлаа. Харь оронд амьдарч их юм сурч, мэдэж авлаа. Хүзүү хоёр ч газраа хугарч байсан ч дээд зиндаанд дэвшиж барилдаж байснаа амжилт гэж боддог. Багадаа барилдаж үзээгүй, барилдахыг хүсдэггүй, жижигхэн биетэй намайг сүмод дуртай болгож, хурцалж ирсэн найзууддаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Ёкозүна Хакүхотой нэгэн дэвжээнд хамтдаа барилдаж, бэлтгэл хийж, харилцан тусалж, ирлэж явсны тань хувьд түүнийг их аварга болоход Рюүогийн тус нэмэр их байсан гэж би боддог.

-Бид хоёр хэн хэндээ л тус дэм болж ирсэн. Хакүхо байхгүй бол би ч сайн барилдаж чадахгүй байсан.

-Зодог тайлаад цаашдаа юу хийх, бүтээх төлөвлөгөөтэй байна даа?

-Юуны өмнө сургуульд сурч мэдлэг боловсролоо дээшлүүлэх санаатай. Их юм сураад Монголдоо бага ч гэсэн хэрэгтэй хүн болохыг зорьж байна.

-Сүмотой холбоотой ажил хийхгүй юу? Монголын сонирхогчийн сүмогийн дасгалжуулагч ч юм уу?

-Үнэнийг хэлэхэд одоо сүмо бодохгүй жоохон ч гэсэн байж үзье гэж бодож байна. Гэхдээ мэдээж чадвал тэр шүү дээ. Харин энэ завшааныг ашиглан өдий хүртэл тусалж, дэмжиж ирсэн бүх хүмүүстээ баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Кёкүшюүзан ахын аав Даваа ах намайг 1999 онд Японд дагуулан ирж байлаа.

Даваа ахдаа үнэхээр их баярлаж явдаг. Мөн Кёкүшюүзан, Кёкүтэнхо, Кёкүтэнзан ах нар, Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи аваргууддаа, бүх монгол бөхчүүддээ баярласан шүү, та бүхний тусламж дэмжлэгийн ачаар би өдий зэрэгтэй явж байгаа шүү гэдгээ хэлмээр байна.

-Тэмцээн дуусахаар Монголдоо ирэх үү? Аймгуудын наадам үзэх үү?

-Энэ сарын 22-нд ёкозүна Хакүхо, Харүмафүжи, Кёкүтэнхо ах, Шёотэнро бид хэд Монгол харина. Харин наадмаар явах эсэхээ одоо сайн мэдэхгүй л байна.

-Танд цаашдын амьдралд чинь амжилт хүсье.

М.СУГАР-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж