Болгарын статистикт Европын Холбоо аудит хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Болгарын статистикт Европын Холбоо аудит хийнэ

Болгарын үндэсний статистикт Европын Холбооны (ЕХ) аудиторууд шалгалт хийж магадгүй гэж ЕХ-ны эдийн засгийн комиссар Олли Рен мэдэгдлээ. ЕХ-ны сангийн сайд нарын зөвлөгөөний үеэр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр тус улсын статистик мэдээлэлд бага зэрэг санаа зовниж байгаагаа илэрхийлсэн.
ЕХ-ны засгийн газрууд ЕХ-ноос гаргасан зээлийн талаарх зөвлөмжийг хэр хэрэгжүүлж байгааг шалгаж тодруулах эрх мэдлийг ЕХ-нд олгох нь зүйтэй гэж гишүүн орнуудын сайд нар үзсэн юм. Еврогийн одоогийн хямрал даамжрахад Грекийн засгийн газар худал тайлан статистик гаргаж байсан нь нөлөөлсөн гэж ЕХ-ны улс төрчид үзэж байгаа юм. “Бидэнд Болгар зарим чухал статистик мэдээллээ зөрүүтэй гаргаж байна гэж үзэх үндэслэл байгаа тул тийшээ богино хугацааны баг явуулах бөгөөд тэр баг бүрэн хэмжээний аудит хийх эрх мэдэлтэй байх болно” гэж комиссар Олли Рен ярьсан. Европын холбоо гагцхүү евро хэрэглэдэг улс орнуудын төсөвт байгаа зарим тэнцвэргүй байдлыг бууруулж, засахыг хүсэж байгаа гэж мэдэгдэж байгаа. Үүнийг бүрэн эрхэнд нь халдсан явдал гэж зарим улсууд эсэргүүцэж байгаа. Грекийн зээлээс үүдсэн еврогийн хямралаас харахад Европын холбоонд өгч буй статистик мэдээллийг бүрэн гүйцэд  шалгадаггүй байсан нь илэрсэн гэж тэр ярьсан.

Грекийн нэгэн адилаар Болгар мөн 2009 онд өөрийн төсвийн алдагдлыг дахин засаж мэдээлсэн бөгөөд ДНБ-тэй харьцуулсан төсвийн алдагдлаа 1.9 хувь гэж мэдээлж байсныгаа өөрчлөн 3.7 хувь болгосон. Тус улс 2007 онд Европын холбоонд элссэн ч еврозонд нэгдэх төлөвлөгөөг нь хойшлуулаад байгаа юм. Болгарт авлига өргөн дэлгэр байна гэж үзсэний улмаас Европын холбоо 2008 онд тус улсад үзүүлэх тусламжаа 220 сая еврогоор танаж байсан. Болгар евро анх үүссэн 1999 оноос хойш өөрийнхөө валютыг еврогийн ханштай уясан. Тэгснээр Болгар яг л еврозоны улс шиг валютын ханшаа дураараа өөрчлөх боломжгүй болсон юм.

ЕХ-ны сангийн сайд нар Люксембургт санхүүгийн шинэчлэлийн талаар хуралдаж байсан хоёр дахь өдөр энэ санал дэвшигдсэн байна. ЕХ-ны сайд нар тус бүрийн улсын жилийн төсвийг парламентад оруулж хэлэлцүүлэхээс нь өмнө ЕХ-нд оруулж хянуулдаг механизм бий болгох талаар хэлэлцсэн. Ингэж хэлэлцэхийг Их Британийн засгийн газар эрс эсэргүүцэж байгаа хэдий ч Европын холбоотой тохиролцоонд хүрч байгаа гэнэ. ЕХ-нд оруулж хэлэлцүүлэхдээ төсвийг бүр нарийн дэлгэрүүлж танилцуулахгүй, гагцхүү ерөнхий байдлаар танилцуулах нь зүйтэй гэж Францын сангийн сайд Кристин Лагард ярьсан. Энэ саналыг мөн комиссар Рен дурдсан бөгөөд тэрээр ЕХ засгийн газруудын зардлыг бүр нарийн ширийнээр нь деталчилж үзэхгүй гэж мэдэгдсэн. Тэрээр мөн ирэх жилээс эхлэн Европын холбооны гишүүн 27 улсын засгийн газар төсвийн алдагдлаа бууруулахад чиглэсэн хөтөлбөрүүд баталж магадгүй. Энэ жилийн сүүлээр гэхэд эдийн засаг бүрэн сэргэх болно. Тиймээс хамгийн цаад хугацаа нь, 2011 он гэхэд засгийн газрууд төсвийн алдагдалдаа арга хэмжээ авч эхлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн.

Европын холбоо тэр чигтээ төсвөө танах арга хэмжээ авахыг дэлхийн өөр өнцөг булангийн засгийн газрууд тийм ч их баяртай хүлээж авахгүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн дарга Тимоти Гейтнер гадаад худалдааны илүүдэлтэй байгаа улс орнуудтай /энд Герман багтаж байгаа/ дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих талаар ярилцсан. Тэрээр Грек, Испани зэрэг улсууд төсвөө танаж, зарцуулалтаа багасгаж байгаа үед Герман мэтийн том эдийн засгууд зарцуулалтаа нэмэгдүүлэх нь дэлхийн эдийн засаг сэргэхэд туслах болно гэж ярьж, ятгахыг оролдсон. Гэсэн хэдий ч Германы засгийн газар даваа гаригт төсвөө танаж 80 тэрбум еврогийн хэмнэлт хийх тухай шийд гаргаж байгаагаа зарласан. Энэ нь Германы төсвийн алдагдлыг Европын холбооноос зөвшөөрсөн гурван хувь дотор оруулахад туслах болно гэж үзэж байгаагаа ЕХ-ны комиссар Рен мэдэгдсэн. Тэрээр мөн “үүнийг би төсвийн хариуцлага гэж нэрлэмээр байна” гэж ярьсан.

Даваа гаригт ЕХ-ны сангийн сайд нар 440 тэрбум еврогийн сан байгуулахыг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд үүнийг Тусгай зориулалтын сан гэж нэрлэж байна. Энэ сан байгуулагдсанаар нэгдсэн валют хэрэглэдэг еврозоны 16 улс өөрсдөө хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгоход хүндрэлтэй болбол шаардлагатай тохиолдолд бага хүүтэй яаралтай зээл авч хэрэглэх боломжтой болно. Энэ санг хэзээ ч хэрэглэх шаардлага гарахгүй байх гэж ЕХ-ны гишүүн улсууд найдаж байгаа хэдий ч ийм сан байгуулагдсан гэдэг нь хөрөнгийн зах зээлүүд дэхь айдас болгоомжлолыг багасгах болно. Үүнээс гадна одоо еврозонд тулгамдаад байгаа хойшлуулж болшгүй санхүүгийн асуудлыг зохицуулж, зээл дарахын тулд Европын комисс 60 тэрбум евро гаргах шийд гаргаад байгаа бөгөөд дээр нь нэмж 250 тэрбум евро гаргах болно гэж Олон улсын валютын сан мэдэгдсэн. Сангийн сайд нарын хурлын үеэр ирэх оны нэгдүгээр сараас Эстонийг еврозонд оруулах асуудлыг дэмжиж баталсан байна. Ингэснээр Эстони улс евро хэрэглэх 17 дахь улс болох зам нэг шатаар ахиж байна. Эстонийг еврозонд оруулах тухай эцсийн шийдийг зургаадугаар сарын 17-нд Брюссель хотод болох Европын Холбооны удирдагч нарын уулзалтаар шийдэх болно.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж