
Энэтхэгийн Бихар мужийн дунд сургуульд үдийн хоолноос хордон 19 хүүхэд амиа алдсан тухай өнгөрөгч лхагва гаригаас эхлэн хэвлэлүүдээр шуугих болсон. Харин өнөөдрийн байдлаар амиа алдсан хүүхдийн тоо 27-д хүрч муудсан хоолноос халдвар авсан хүүхдийн тоо 50-д хүрээд байгаа гэнэ.
Үүсээд буй нөхцөл байдалтай уялдан хүний эрхийн байгууллагуудаас Бихарын 12 дүүргийн бүх сургуулиудын үдийн хоолны хөтөлбөрт шалгалт хийх хэрэгтэйг, мөн олон хүүхдийн аминд хүрсэн дунд сургуульд хариуцлага тооцох хэрэгтэйг шаардаж байгаа аж. Дээрх хэргээс болж Энэтхэгт хүний эрхийн байгууллагуудаас гадна бухимдсан иргэд жагсаал хүртэл зохион байгуулж мужийн холбогдох албаныханд дургүйцлээ илэрхийлсээр байгаа гэнэ.