АХАИБЗ-ийн гишүүн орнуудын хуралдаанд оролцов | News.MN

АХАИБЗ-ийн гишүүн орнуудын хуралдаанд оролцов

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

АХАИБЗ-ийн гишүүн орнуудын хуралдаанд оролцов

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Турк улсын Истанбул хотноо болж байгаа Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөний гишүүн орнуудын дээд хэмжээний “Евроазийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа  21 дүгээр зуунд“ сэдэвт тусгай хуралдаанд оролцсон байна. Энэ сарын 7-нд болсон тус хуралдаанд Турк, Казахстан, ОХУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Тайланд, Афганистан, Киргизстан, Иран, Грек, Литва, Пакистан зэрэг 21 улсын төлөөлөгчид оролцож Евро-Азийн бүс нутаг болон дэлхийн нийтэд тулгарч буй аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хар тамхи, терроризм зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тус хуралдаанд хэлсэн үгэндээ: “Эх газрын хатуу ширүүн цаг уурыг тэсвэрлэн давж, дахин давтагдашгүй соёл, нүүдэлчдийн ахуй амьдралаараа дундад зууны тэртээх  цагт ч хол, ойрын хүмүүсийн хүсэл сонирхлыг татсаар ирсэн монголчуудын удирдагч Чингис хаан Евроазийн уудам орон зайд урьд хожид их эзэнт гүрнийг байгуулж, төрийн бодлогын түвшинд олон шашныг жигд хүндэтгэн, хууль ёсыг дээдэлж, дипломат дархан эрх, өртөө шуудан, мөнгөний тогтолцоог олон улсад анх үүсгэн бий болгосон билээ. Тэрээр, биеийн хүчээр нэгийг дийлэх боловч билэг оюуны ачаар олны сэтгэл зүрхийг татна хэмээсэн нь өдгөө бид бүхний  чухалчлан зорьж буй аюулгүй байдлын асуудалд цогцоор хандахын чухлыг онцлон тэмдэглэсэн ажээ. Өөр хоорондоо тэмцэлдэж, хагас зууны туршид зэр зэвсгээр улайран өрсөлдсөөр хүн төрөлхтнийг цөмийн аймшигт сүйрлийн ирмэгт хүргэсэн нийгэм-эдийн засаг, үзэл суртлын хоёр туйлд бүх дэлхийг  талцуулан сөргөлдүүлсэн  “Хүйтэн дайны” жилүүдийн түүхэн сургамж, гашуун туршлагыг бид энэ өдрүүдэд эргэн дурсаж байна.  Урагштай хүн өөрийн алдаанаас сургамж авдаг, ухаалаг нэгэн бусдын алдаанаас санаа авдаг тухай Монгол ардын зүйр үг бий. Тиймээс, угтан ирж буй шинэ сорилтууд хийгээд Евроазийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож буй энэ мөчид та бид  XX зуунд  асар их гамшиг учруулсан дэлхийн дайнуудыг туулсан боловч энх тайвнаар эвсэн ажиллахын их итгэлийг өдгөө төрүүлж байгаа Европ тивийнхний туршлага, түүхэн сургамжаас суралцах ёстой гэж  бодож байна” гэв.

Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Ахмет Давутолу, БНКазахстан Улсын Гадаад хэргийн сайд К.Б.Саудабаев, Бүгд Найрамдах Киргизстан Улсын Гадаад хэргийн сайд Р.А.Казакбаев, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.Бородавкин, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Марк де Бричамбаут нартай уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцон АХАИБЗ, ЕАБХАБ, ШХАБ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд дахь хамтын ажиллагааны талаар өөрийн байр сууриа илэрхийлж, цаашид хийх алхмуудын талаар зөвлөлдөв.

Энэхүү олон улсын байгууллагыг үүсгэн байгуулсан Казахстан, одоо даргалах Турк, нэгдэн орсон Киргизстан, Азербайджан зэрэг улсууд нь хоорондоо алтай язгуурын хэл, мөн соёл, зан заншлаараа манайтай ойр улсууд болохыг манай зарим эрдэмтэд онцолдог билээ хэмээн Гадаад харилцааны яамны Хэвлэлийн албанаас дамжууллаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж