“Playtime”-ын тасалбар худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

“Playtime”-ын тасалбар худалдаанд гарлаа

Гачууртын “Монгол шилтгээн”-ийн задгай талбайд хоёр өдрийн турш болох амьд хөгжим сонирхогчдын “Playtime-2013” наадмын бэлтгэл ажил өрнөсөөр байна. Наадмын тасалбар худалдаанд гарсан бөгөөд энэ жилийн хувьд өмнөх жилтэй адил багцын тасалбарыг санал болгож байгаа. Тухайлбал, хоёр өдрийн тоглолтыг үзэх тасалбар 35 мянга, хоёр дахь өдрийн тоглолтыг дангаар нь үзэх бол 20 мянга, таван хүнийх 150 мянга, 10 хүнийх 280 мянган төгрөгийн үнэтэйгээр “Hi-Fi records” болон “Orange records”-оор худалдаалж байна.

Наадмаар энэ жил тоглолтын зохион байгуулалт талаас олон өөрчлөлт хийж байгаа бөгөөд урилгаар оролцох болон шинэ залуу хамтлагууд хоёр тусдаа тайзан дээр хуваагдан тоглох юм. Тоглолт давхцалгүйгээр гол тайз болон мини тайз гэж хуваагдаж байна. Наадамд нийт 40 гаруй хамтлаг оролцохоос гадна DJ нар өөрсдийн “сэт”-үүдээ хүргэх болно. Энэ жилийн наадамд хөгжим сонирхогчдын итгэж чадамгүй гайхашрал, догдлолыг төрүүлсэн явдал нь Японы алдарт “инструмент рок” чиглэлийн “Моно” хамтлаг ирж тоглох юм. Тэд аялан тоглолтынхоо хуваарьт ийнхүү “Playtime-2013” наадамд оролцохоо багтаасан бөгөөд наадмын хоёр дахь өдөр тоглоно. Мөн плейтаймчдын бэлгэ тэмдэг болсон логотой фудволк, аяга худалдаанд гарсан байна.

Амьд хөгжим сонирхогчдын наадам долдугаар сарын 27, 28-нд амралтын өдрөөр болох учраас хоёр хоног буудаллах бэлтгэлээ сайн базаагаарай залуус аа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж