-Технологийг нэвтрүүлэх явц одоогоор ямар шатанд байна вэ?
-Төмрийн үйлдвэрлэлийг дэмжиж, хэрэглээгээ дотроосоо хангахын тулд дан ганц түүхий эдээ экспортлоод хариуд нь импортоор худалдаж авдаг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд Монголын “Нано метал” компанийн санаачлагаар Италийн металлургийн салбартаа 100 түүхтэй “Danieli”, Германы “Лурги” компанийн технологитой өнөөдөр танилцаж байна. Энэ нь одоогоор зөвхөн танилцуулах шатанд явж байна.
-Энэ технологийн онцлог нь юу вэ. Хэзээнээс нэвтрүүлж эхлэх боломжтой вэ?
-Үндсэндээ нүүрснээс гаргасан газаар төмөр гаргаж авах технологи. 2006 оноос хойш дэлхийн зах зээлд хүчтэй орж ирж байгаа энэ технологийг ашиглаж гадныхан найман үйлдвэр байгуулсан байна. Онцлог, давуу талын тухайд, одоогоор бүрэн тодорхойлох боломжгүй буюу эдийн засгийн үр өгөөж, Монголд хэр тохиромжтой, хэрхэн нэвтрүүлэх боломжтой талаас нь судалж байна. Тиймээс судлаад болвол хоёр талаас гэрээ, хэлэлцээг хийгээд ойрын хоёр жилдээ шинэ технологи нэвтрүүлсэн үйлдвэр барих болов уу гэсэн таамаг байна. Ер нь Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө Дархан, Сэлэнгийн бүс нутагт орчин үеийн технологийн металлургийн үйлдвэрийг барьж байгуулна гэж тусгасан. Тэгэхээр энэ хөтөлбөртэй шинэ технологийг уялдуулах талаас нь анхаарах байх.
-Зориулж үйлдвэр барина гэж байна. Санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?
-Италийн болон Европын холбооны банкууд хүч хавсран оръё гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Ялангуяа Италийн Зээлийн даатгалын “Сачо” гэх байгууллага шинэт технологи нэвтрүүлж, үйлдвэр барихад дэмжихээ илэрхийлсэн.