Эрчүүдийн ертөнцийн лидер эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн ертөнцийн лидер эмэгтэй

“Forbes” сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн чансааг долоо дахь жилдээ тэргүүлж байгаа Германы түүхэн дэх анхны эмэгтэй канцлер Ангела Меркель долдугаар сарын 17-нд 59 нас хүрчээ. Түүний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.

1. Меркель ихээхэн оюунлиг, сэхээтэн айлд төрсөн нь жаахан охиныг хар багаас нь “ухаантай” ном уншуулж сургасан байх. Ангелагийн ээж нь англи, латин хэлний багшаар ажиллаж, аав нь Гамбургийн их сургуульд шашны онолоор багшилж байжээ. Меркель Гамбургт төрсний дараахан эцэг нь Ардчилсан Герман улсад лютрений шашны ламын ажилттай болоод тэднийх зүүн Германд нүүн иржээ.

Ирээдүйн канцлерийн дуртай хичээл нь орос хэл байсан бөгөөд 1968 онд 14 настай Ангела үндэсний олимпиадад ялсан учир Москвад зочлох эрхээр шагнуулжээ.

2. Ангела Меркель 36 настайдаа Гельмут Колийн танхимын хамгийн залуу сайд болов. Гельмут Коль 1990 онд түүнийг Эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайдаар томилсны дараа тэр “Колийн охин” гэсэн хочтой болсон гэдэг.

3. Христийн ардчилсан холбооны ирээдүйн дарга өсвөр насандаа Немцийн чөлөөт залуучуудын эвлэлд элсч, суртал ухуулагын нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Өөрийнхөө “комсомолын” өнгөрсөн үеийг ярих дургүй Меркель нэгэн удаа Штазид шинжлэх ухааны ажилтнаар ажиллахаас (БНАГУ-ын Аюулаас хамгаалах яам) татгалзсан гэж ярьсан байв. Нууц хадгалж чаддаггүй гэсэн шалтгааныг тэр өөрөө хэлжээ.

4. Меркель 57 насандаа дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн чансааг тэргүүлжээ.

5. Меркель даашинз, банзал өмсөх нь ховор. Гол төлөв хослол, пиджак өмсөнө. Нүдэнд тусаад байхгүй ч ажил хэрэгч, дэгжин харагддаг.
 

Гэхдээ дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэй хувцасны загвар талдаа алдах нь цөөнгүй. Берлинд Барак Обамад барьсан зоогийн үеэр “пифагорын” гэх өмд өмсөөд дэлхийн загварын хүрээнийхний инээдийг хүргэсэн талтай.

6. Ангела 2008 онд Афганистан дахь Германы бодлогын асуудлаар ярих гэж байсныг өөрийн гүнзгий хагалгаатай даашинзаараа алмайруулан саринуулж байв. Тэр үеэр бүгд л бундесвер Афганд байх ёстой юу гэсэн асуудлаа “мартсан” байлаа. Ийм “зоримог” үзэгдэл хийснийх нь дараа улс төрийн тавцанд Меркельтай өрсөлдөхөөр Вера Ленгсфельд шийдсэн байв. Меркельтэй зэрэгцээд зогсч байгаа зурагт хуудсан дээр Ленгсфельд канцлерийн илүүтэй задгай даашинзтайгаар гарч “Бид улам ихийг санал болгоно” гэсэн уриагаар дагалдуулсан байлаа.

7. Өглөөний хоолондоо тэр кофены оронд гаатай цай уудаг.

8. Меркель физикчийн мэргэжилтэй. Карл Марксийн нэрэмжит  Лейпцигийн их сургуульд мэргэжлээрээ цол хамгаалжээ.

9. Шинжлэх ухаан, сайн дүнгээс гадна Ангела их сургуулиас анхны нөхрөө олжээ. Ангела Каснер, Ульрих Меркель нар 1977 онд гэрлэхэд сүйт бүсгүй нь цэнхэр даашинзтай байлаа. Ангелагийн дуртай өнгө нь гэр бүлийн жаргалыг түүнд авчирсангүй. Таван жилийн дараа тэд салсан юм.

“Бүгд л гэрлэж байсан. Бид ч гэрлэсэн. Өнөөдөр энэ тэнэг харагдаж болох юм. Би гэрлэлтэд ноцтойгоор хандаж чадаагүй. Би хууртагджээ” хэмээн канцлер өөрийн гэрлэлтийн талаар хожим дурсчээ. Хосууд эд хөрөнгөө хуваахад Ульрихт тавилга, Меркельд угаалгын машин ирсэн гэнэ. Нөхөртөө дурсагдах зүйл үлдээхийг Ангелагийн найз бүсгүй нь зөвлөхөд “Түүний овгийг би өөртөө үлдээсэн нь хангалттай” гээд Меркель зөвлөгөөг нь хүлээж авсангүй.

10. Меркель хүүхэдгүй учраас эцэг, эхийн асуудлаас санаатайгаар татгалзсан хүнийг нэрлэдэг  чайлдфри гэж түүнийг дууддаг. “Би хүүхэдтэй болох боломжийг үгүйсгээгүй. Гэтэл бүтээгүй. 35 насандаа улс төрд орсноос хойш энэ асуудлыг мартсан” гэж тэр ярьжэээ.

11. Меркель 44 настайдаа хоёр дахь удаагаа гэрлэхдээ бас л эрдэмтэн хүнийг сонгосон байв. Квантын химийн дэлхийн шилдэг эрдэмтдийн нэг Иоахим Зауэртай  тэд 1998 онд албан ёсоор харилцаагаа бүртгүүлжээ. Үүнээс өмнө тэд 14 жил хамтран амьдарсан юм. Зауэр эхнэртэй байх үеэс л тэд уулзаж эхэлсэн гэдэг. Профессор Йоахим Зауэр  эхнэрийнхээ инагурацийн ёслолд очоогүйгээ бусдын анхаарлыг татаад хэрэггүй хэмээн тайлбарласан юм.

12. Германы канцлер SMS явуулж, өөрөө ч мессеж хүлээн авах дуртай.

 
13. Энэ  шийдэмгий эмэгтэй нохойноос айдаг. 1995 онд дугуйгаар зугаалаад буцаж явах нь айлын нохойд зуулгаснаас хойш ийм айдас бий болжээ. Канцлерийг гадаад айлчлалаар явахад нь ёслолын албаныхан ойр хавьд нь нохой байлгахгүй байхыг сануулдаг. Харин түүний айдсыг мэдэх Путин л нохойгоо авч яваад Меркелийг айлгаад байдаг талтай.

14. Меркелийн ажлын ширээн дээр герман гаралтай Оросын хатан хаан Агуу Екатеринагийн хөрөг байдаг. Канцлер хатан хааныг хүчтэй эмэгтэй гэж үздэг ажээ.

15. Хүүхэд байхдаа канцлер багш болохыг хүсч, алимны шүүсэнд дуртай байжээ.  
16. Нартай өдөр далайд завиар хол хөвөх нь түүний аз жаргал гэнэ.

17. Меркель сөргөлдөөнд орох дургүй учраас түүнийг санаачлагагүй гэж бас ярина. Сөргөлдөөнөөс  зугтах чадварыг нь улс төрийн өрсөлдөгч нар нь “мах ч биш, булчирхай ч биш” гэдэг гэнэ. Зарим улстөрчид түүнийг хонийн арьс нөмөрсөн чоно ч гэдэг.

18. Хамгийн эгзэгтэй үед ч тэр тайван байхыг эрхэмлэнэ. Ширээн дээр нь Агуу Екатеринагийн хөргөөс гадна  “In der Ruhe liegt die Kraft”— “Тайван байхад хүч чадал оршдог” гэсэн бичигтэй мөнгөн тавиур бас тавиастай байдаг.

19. Тэвчээр алдахдаа «ScheiЯe» (чацга) хэмээн хэлчихдэг.

20. Ангела Меркелийн талаарх цуу  ярианаас хамгийн тэнэг нь түүнийг “Гитлерийн охин” гэж нэрлэсэн явдал.

21. Эр хонгор дуутайд нь, түлээ сайн хагалдаг гэсэн хоёр шалтгаанаар л тэр эрчүүдэд атаархдаг гэж нэг удаа хэлсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж