Монгол Улсын Хөгжлийн банк Засгийн газрын 118 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 2013-2014 онд эрчим хүчний салбарт хийх бүтээн байгуулалтад оролцохоор болжээ. Энэ хүрээнд тус хөтөлбөрийн эрчим хүчний инженерийн дэд бүтцийн барилга,байгууламжийн угсралтын ажлын гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурлаа. Тодруулбал, гэрээнд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Дэлгэрцогт, Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал С.Сандагдорж, “Дэд бүтэц-эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал П.Ганбат нар гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингэснээр Хөгжлийн банкнаас 92.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд үндэсний хөрөнгө оруулалттай 10 аж ахуйн нэгж төслийн гүйцэтгэгчээр ажиллах юм байна.
Ингэснээр нийслэлд орон сууцны хотхон , хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний асуудал шийдэгдэж, хэрэглэгчдийг дулаан, цахилгааны найдартай эх үүсвэрээр хангах талаар албаныхан онцоллоо. Цаашдаа 2014 онд эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг шат дараатай хэрэгжүүлэх юм байна.
У.БОЛОР