Оюутны “олимп”-ийн бамбар жаргав

Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

Оюутны “олимп”-ийн бамбар жаргав

Дэлхийн шилдэг залуусын шударга өрсөлдөөн, ширүүн тэмцлээр 12 хоногийн турш амьсгалсан зуны спортын XXVII наадам “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр “хөшгөө хаалаа”. 45000 хүн халуун цэгт өрнөж буй сайхан үйл явдлыг үзэж сонирхохоор цугларсан бол цэнхэр гаригийн олон сая хүн зурагт, интернетээс хараагаа салгаагүй нь мэдээж. “Ах нар” наадмын зохион байгуулалтад ч, тамирчдынхаа амжилтад ч сэтгэл хангалуун байлаа. Хойд хөрш маань тус Универсиадаас нийт 292 медаль өөрийн болгосон. Тэгвэл манай тамирчид Казаниас гурван алт, зургаан мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн үзүүлэлтээр түүхэндээ дээд амжилт тогтоож, нийлбэр дүнгээр 20-д жагсав. Залуучуудын дунд спорт эрчимтэй хөгжиж байгааг монголчууд дэлхийд батлан харуулж чадлаа.

Нээлтийн ёслолын үеэр хүний амьдралыг усан мандалд дүрслэн харуулсан бол хаалтын үеэр тэрхүү “усан  сан” бүжгийн өргөн талбай болон хувирсан юм. Сайн дурынхан ажлын амжилтаараа бахархан цогтой бүжиж байлаа. Тэдэнгүйгээр Универсиад наадмыг төсөөлөхийн ч аргагүй. Харин үзэгчид нээлтийн ажиллагаанд байсанчлан төрөл бүрийн “гэрлэн бөмбөг” туяаруулан чимэг нэмж суусан. “Хүн амьдарч байна, хүн дуулж байна, хүн бичиж байна” хэмээн хөврөх  цоглог аянд хаалтын ажиллагааг үзэхээр ирсэн хүн бүхэн дор бүрнээ бүжиж байлаа.

Казань хотын захирагч Ильсур Метшин “Дэлхийн оюутны Универсиад наадам манай хотыг бүхэлд нь өөрчилж чадсан. Хотын үзэмж гэлтгүй хүний ухамсарт ч шинэ бүхнийг нэвтрүүлсэн” хэмээн хаалтын үеэр өгүүлсэн юм. Харин Олон улсын оюутны спортын холбоо (FISU)-ны ерөнхийлөгч Клод Луи Галльен дэлхийн XXVII Универсиадыг амжилттай зохион байгуулсан ОХУ-ыг сайшаагаад 2015 оны наадам болох БНСУ-ын Кванжугийн Универсиадыг ЗБХ-ны тэргүүн Кан Ун-Тэд тугаа гардууллаа. Олон өдрийн турш бадамлан ассан Казанийн Универсиадын бамбар жаргав. Тив тивийн олон мянган залуусын найрамдал нөхөрлөлийг бэлгэдсэн цаасан шувууд цэнгэлдэх хүрээлэн даяар ниссээр… Хоёр жилийн дараа  “Гуулин”  улсад дэлхин шилдэг залуус дахиад цугларна.

Б.Өлзийтогтох Казаниас мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж