Олон улсын хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөл 2022 онд Катар улсад болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өвөл зохиох бүрэн боломжтой гэж үзлээ. Тэд Катарын цаг агаараас болж ийм шийдвэр гаргасан аж. Одоогоос яг жилийн өмнө энэ талаар хэлэлцэж байсан ч холбооны удирдлагууд санал нийлэхгүй байсан юм. Олон дахин судалгаа хийсний үр дүнд Катарын зуны халуун тамирчдад нөлөөлнө гэж тэд үзжээ. Одоогоор яг хэдэн сард зохион байгуулах нь тодорхойгүй байгаа ч аравдугаар сард зохиох магадлал тун өндөр байгаа юм. Ирэх есдүгээр сард олон улсын хурал зохион байгуулж, өвөл зохиох эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм байна. “Хөлбөмбөгийн спорт бол бүх хүний спорт. Катарын зуны халуунд хөлбөмбөгчдөд ч, үзэгчдэд ч тааламжгүй уур амьсгал үүсгэх учраас бид өвөл зохиохоос өөр аргагүй. Бид цэнгэлдэх хүрээлэнгүүдийг агааржуулалтын системээр тоноглохыг хүссэн ч үүнийг шийдэхэд тун хүнд байсан. Тэгээд ч агааржуулалтын систем гаднах уур амьсгалд нөлөөлөөгүй. Бид тамирчдад ямар нэгэн эрсдэлд хүргэмээргүй байна” гэж Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер ярьжээ. Харин өвөл ид үргэлжилж байдаг улсын лигүүдийг хэрхэн зохицуулах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Европын улсууд энэ шийдвэрийг огтхон ч таашаахгүй байгаа бөгөөд тэмцээнийг зохион байгуулах улсыг солих санал хүргүүлээд байгаа билээ. Олон улсын хөлбөмбөгийн холбооны удирдлага дэлхийн аваргыг өвөл зохиох бүрэн боломжтой гэж мэдэгдэж байгаа ч хурлаар эцэслэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна.
Б.СҮХ