Рафа Бенитез “Интер”-т

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Рафа Бенитез “Интер”-т

Европын аварга “Интер Милан” клуб “Ливерпуль”-ийн экс-дасгалжуулагч Рафаэль Бенитез тус клубын шинэ дасгалжуулагч болох санал зөвшөөрсөн хариу өгсөн талаар албан ёсоор мэдэгдлээ.

Дотоодын лигт болон цомын тэмцээнд түрүүлээд зогсохгүй Европын тэргүүн цомын төлөөх өрсөлдөөнд аваргалсны дараа Жозе Моуриньог “Реал Мадрид” булаасан бөгөөд Моуриньогийн орон зайг нөхөж, форм сайтай байгаа италичуудыг удирдахаар Бенитез Сан Сирод ирэх болж байна. Энэ талаар “Интернациональ” клубын ерөнхийлөгч Массимо Моратти “Бид харилцан зөвшилцөж, хамгийн чухал асуудал болох гэрээний эцсийн болзлуудыг тохирсон. Одоо харилцан гарын үсэг зурах асуудал л үлдээд байна. Бенитез одоогоор Италид байхгүй байгаа учир түүнийг хэзээ албан ёсоор угтаж авах талаар удахгүй мэдээлэл өгөх болно” гэжээ.

“Ливерпуль”-ийн менежерийн суудалд зургаан жил сууж, чамлахараагүй амжилт гаргаж байсан Бенитез харамсалтай нь өнгөрсөн улиралд одгүй байж, түүний баг нь Премьерийн лигийн хүснэгтийн бүр долдугаарт бичигдээд зогсохгүй Аваргуудын лигийн хэсгийн шатнаас мултарсан билээ. Улмаар клубын удирдлага өнгөрсөн долоо хоногт Бенитезийг ажлаас нь чөлөөлсөн юм.

Өдгөө 50 настай испани мэргэжилтэн “Ливерпуль”-д ирсэн эхний жилдээ буюу 2005 онд Аваргуудын лигт түрүүлж, 2007 онд финалдсан бөгөөд 2006 онд FA Cup-т тэргүүлсэн билээ. Харин “Ливерпуль”-иэс өмнө Рафа “Валенсия”-г Испанийн Ла лигийн хошой аварга болгож, UEFA Cup-ын цомд хөтөлж байсан туршлагатай.
Дашрамд дурдахад, Рафаг нэг улиралд зургаан сая ам.доллараар цалинжуулна гэсэн мэдээллийг клубын ерөнхийлөгч Моратти үгүйсгэсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж