Монголын зүүний хүчний холбооноос “Цэнгэг далай, Цэнгэг дэлхий” олон улсын форумыг энэ сарын 18-аас 21-ны хооронд Хөвсгөл далайн хөвөөнд зохион байгуулах гэж байна. Мөн МХЕГ-аас Хөвсгөл далайд хийсэн хөрсний бохирдолын талаарх сүүлийн таван жилийн судалгааны дүнг форумын үеэр танилцуулах гэнэ. Уг форумаар Хөвсгөл далайн ундны усны нөөцийг цэнгэг хэвээр нь яаж хадгалж үлдэх талаар хэлэлцэх аж. Хэдхэн жилийн өмнө Байгаль далайгаас шууд ууж болдог байсан бол одоо уух боломжгүй болсон хэмээн мэргэжилтнүүд онцолж байгаа. Тиймээс уг далайн ундны усны нөөцийг цэнгэг хэвээр нь хадгалж үлдэхийн тулд дэлхий нийт анхаарлаа хандуулж эхэлжээ. Эл арга хэмжээний гол зорилго нь “Хөвсгөл далайгаа цэвэр байлгая” хэмээх уриан дор БНХАУ, ОХУ, Энэтхэг, БНСУ-аас хүмүүс ирж Хөвсгөл далайд живсэн хөлөг онгоц, машинуудыг татаж гаргах оролдлого хийх гэж байна. Солонгос улсаас дөрвөн шумбагч ирэх бөгөөд тус шумбагч онгоцууд 250 метрийн гүнд шумбалт хийж, нуурын гүнд байгаа 10 тоннын даацтай машинуудыг татаж гаргах гэнэ. Одоогийн байдлаар Хөвсгөл далайд 45 машин живсний 70 орчим хувь нь бензинтэйгээ нуурын гүнд байгаа аж. Мөн форумын үеэр Хөвсгөл далайн ойр орчимд байрлаж үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудад шалгалт хийж, бохирын асуудлыг хэрхэн шийдэх талаар мэдээлэл зөвлөгөө өгөх юм. Хөвсгөл далайг цэвэрлэхэд нийт гурван тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Энэ зардлыг олон улсын байгууллагууд болон зүүний хүчний холбоог дэмждэг бизнесийн байгууллагуудаас гаргаж байгаа гэнэ.
Энэ үеэр Монголын зүүний хүчний холбооны нарийн бичгийн дарга Ц.Батбаяраас хэдэн зүйл тодрууллаа.
-Танай холбооноос Хөвсгөл далайд нийт хэчнээн тонн хог хаягдал байгааг судалж үзсэн үү?
-Яг нарийн тоог гаргах боломжгүй. Харин хэр хэмжээний ямар ямар хог хаягдал байгааг тогтоогоод байгаа. Тухайлбал, хамгийн анх 1969 онд Хөвсгөл далайд ДТ-75 трактор живж байсан бол түүний дараа ЗИС-164 цистерн дөрвөн тонн орчим шатахуунтай явж байгаад живсэн түүхтэй. Харин хамгийн сүүлийн жишээнээс дурдвал хоёр жилийн өмнө загасанд явж байсан иргэдийн хоёр мотоцикль живж байсан. Түүнчлэн 1978 оны үед Хөвсгөл аймгийн иргэн далайгаас шатахуунтай машин татаж гаргаж ирээд асааж үзэхэд зүгээр асч байсан удаатай. Учир нь Хөвсгөл далай давсгүй цэнгэг устай учраас далайн гүнд живсэн машин техникийн эд ангид ямар нэгэн гэмтэл учруулах нь бага байдаг. Тиймээс бид энэхүү оролдлогоороо хэдэн машин байгааг тогтоох ажил хийх юм. Энэхүү ажилд нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шумбагчид Хөвсгөл далайн хогийг гаргаж авахаар оролдлого хийх юм.
-БНСУ-ын дөрвөн шумбагч Хөвсгөл далайд шумбахаар болж байгаа гэж байна. Монголоос хэчнээн шумбагч ажиллах вэ?
-БНСУ-ын дөрвөн шумбагчаас гадна Монголын Онцгой байдлын алба хаагчид энэхүү ажилд оролцоно. Гэхдээ тэд зөвхөн БНСУ-ын дөрвөн шумбагчын аюулгүй байдлыг гаднаас нь хянаж ажиллахаар болж байгаа. Харамсалтай нь манай улсын шумбагч нар өөрсдөө далайн гүнд шумбах гэхээр мэргэжлийн хувцас байхгүй. Тийм болохоор усны гүн рүү 10 метр шумбахад л чихнээс нь цус гардаг. Монгол Улсад ганцхан мэргэжлийн хувцас байдаг учраас гадны улс орноос мэргэжлийн хүмүүс дуудаж энэхүү ажлыг зохион байгуулаад байгаа юм. Хэрвээ оролдлого амжилттай болбол далайн гүнд буй бүх тээврийн хэрэгслийг 30 жил биш гурван жилд гаргах бүрэн боломжтой болж байна. Түүнчлэн Хөвсгөл гэхээр ганцхан далайн асуудал биш эко системийн асуудал яригдана. Эко систем хэмжээндээ байвал Хөвсгөл далай цэвэр байна гэсэн үг юм. Хөвсгөл далай нийтдээ 960 гол мөрөн цутгадаг. Тухайлбал далайгаас ганцхан Эгийн гол эх авч урсдаг юм. Эгийн гол нь Сэлэнгэ мөрөн, Байгаль нуур, Хойд мөсөн далайд цутгадаг. Тиймээс бид бүгд Хөвсгөл далайгаа хайрлах хэрэгтэй байна.
Эх сурвалж: http://ipost.mn