Хакүхо дараалсан 41 дэх даваагаа авлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Хакүхо дараалсан 41 дэх даваагаа авлаа

Мэргэжлийн сумогийн Нагоя башё өндөрлөхөд дөрвөн даваа үлдээд байна. Өнөөдөр Нагоя “Aichi Prefectural Gymnasium” ордонд арван нэг дэх өдрийн барилдаан боллоо.

Их аварга Хакүхо Какүрюүг давснаар 11 даваатай башёг ганцаараа илт тэргүүлсэн хэвээр явна. Тэрбээр мөн дараалсан 41 дэх даваагаа аваад байна. Түүний хувьд өнгөрөгч гуравдугаар сарын эхний өдрөөс хойш ийнхүү ялагдалгүй явна. Хакүхо 2010 онд дараалсан 63 ялалтыг авч байжээ.

Харин түүний араас есөн даваатай Котоошюү, Кайсэй, Аойям нарын гурван бөх удаалж байна. Котоошюү Харүмафүжид, Кайсэй Чиёотайрюүд унаснаар хоёр унаатай боллоо. Энэ өдөр гурав дараалан унаад байсан Харүмафүжи есөн даваатай явсан Котоошюүг давснаар долоон даваа, дөрвөн унаатай боллоо.

Нагоё башёд хамгийн том болзолтой нь ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато нар байсан. Кисэносатогийн хувьд 14 давбал түрүүлээгүй ч ёкозүна цол өгөх тухай ярьж байсан ч тэрбээр найман даваа, гурван унаатай болж, дээрх болзлыг биелүүлэх боломжгүй болсон. Харин Харүмафүжигийн хувьд болзол тун хатуу. Өмнөх башёд олон унаад байсан түүнийг энэ башёд дөрөв болон түүнээс дээш унавал зодог тайлуулах хэмжээнд хүртэл яригдах талаар Сумогийн холбооноос мэдэгдээд буй. Мэргэжлийн сумод ёкозүна цолтон муу барилдвал цолыг нь хураах бус зодог тайлуулдаг дүрэмтэй аж. Тиймээс түүний хувьд олон унах эрх үгүй.

Өнөөдөр манай бусад бөхчүүдээс Шёотэнро Д.Нямсүрэн тавин хувиа хийгээд байна. Токитэнхо А.Хүчитбаатар, Кёкүтэнхо нарын хувьд гурван даваатай явна.

Маргааш Кисэносато/8-3/ Котоошюү /9-2/, Харүмафүжи /7-4/ Какүрюү М.Ананд, Хакүхо Котошёгикүтэй тус тус барилдах аж.

Ч.БОЛ






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж