АХБ-ны ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

АХБ-ны ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөв

Азийн Хөгжлийн Банк/АХБ/-ны ерөнхийлөгч Такехико Накао тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлаад өнөөдөр өглөө буцлаа.

Монгол Улсад хоёр өдрийн айчлалаар хүрэлцэн ирсэн ноён Такехико Накао Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр болон бусад иргэний нийгэм болон судалгаа шинжилгээний байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Мөн Туул гол, Улаанбаатар хотын гэр хороолол болон АХБ-ны санхүүжилтээр эрүүл мэндийн болон, боловсролын салбарт хэрэгжиж буй төслүүдтэй биечлэн танилцсан юм.

Монгол Улс АХБ-ны гишүүн орноор анх 1991 онд элсэн орсон цагаас хойш нийт 954.6 сая ам.доллар бүхий 50 төрлийн хөнгөлөлттэй зээл, 172.2 сая ам.доллар бүхий буцалтгүй тусламжийг авч 24.2 сая ам.долларын өртөг бүхий 22 төрлийн техник туслалцааны төслийг хэрэгжүүлээд байгаа юм байна. Олон улсын хөгжлийн байгууллагаас Монгол Улсын авсан хөгжлийн албан ёсны дэмжлэгийн хамгийн том нийлүүлэгч нь АХБ аж.

Манила хотноо төвтэй АХБ нь Aзи, Номхон далайн бус нутагт эдийн засгийн хүртээмжтэй бөгөөд байгаль орчинд ээлтэй өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах, бүсийн интеграцчлалыг хөхиүлэн дэмжих эрхэм үүрэгтэй. Анх 1966 онд үүсэн байгуулагдсан АХБ өдгөө 67 гишүүн орон, үүн дотор бүс нутгийн 48 орныг нэгтгэж байгаа бөгөөд 2012 оны байдлаар 21.6 тэрбум ам.доллар бүхий хөгжлийн дэмжлэг үзүүлсэнээс 8.3 тэрбумыг нь хамтран санхүүжүүлсэн байна.

АХБ-ны ерөнхийлөгч ноён Такехико Накао уулзалтын үеэрээ “Улаанбаатар хотыг орчин үеийн хот болгон өөрчлөн шинэчлэх Засгийн газрын алсын хараат бодлогыг бүрэн дүүрэн дэмжиж, иргэдийн аж байдалд эерэгээр шууд нөлөөлөх дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулахыг чухалчилж байгаа явдлыг сайшаасан юм. Түүнчлэн Азийн хурдацтай өсөлт бүхий орнуудын адилаар Монгол Улс хөгжлийн үр өгөөжийг хот, хөдөөгийн бүх иргэдэд өргөн хүртээх асуудал нь нэн тэргүүний зорилт болно. Улс орны хэмжээнд амьдралын түвшин, ялангуяа ажил эрхлэх боломж ижил тэгш хангагдах явдал нь хүртээмжтэй өсөлтийг хангахад тэргүүн үүрэгтэй” хэмээн тэмдэглэв.

Монгол Улс АХБ-ны гишүүн орон болсон 1991 оноос хойш Улаанбаатар хотын хүн ам бараг гурав дахин өссөн бөгөөд улмаар төрийн үйлчилгээг иргэдэд энэ тэнцүү хүртээмжтэй хүргэх явдал улам бэрхшээлтэй болж ирсэн юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор АХБ Монгол Улсын Засгийн газартай хамтран ус хангамж, ариутгах татуурга, хог хаягдал зайлуулах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

Ноён Такехико Накао макро эдийн засгийн тогтвортой байдал болон хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих болон санхүүгийн салбарыг хөгжүүлэх  гэсэн Монгол Улсын Засгийн газрын дэвшилтэт бодлоготой санал нийлэн, дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улс боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд ойрхон байгааг тэмдэглээд бэрхшээл байгааг ч санууллаа. Тухайлбал, эрүүл мэндэд зарцуулж байгаа зардал дотоодын нийт бүтээгдэхүүнд өндөр хувь эзлэх нь  эргээд  ачаалал хүндрэл учруулдаг учир үүнээс зайлсхийх тухайд анхаарах. Японд тулгараад байгаа шиг  хүн  амын насжилтийн асуудлыг одооноос харж  мэргэн бодлого гаргах хэрэгтэй. Эрүүл мэнд чухал асуудал боловч төсвийн нэгээхэн л хэсэг. Цаана нь өөр олон хэрэгцээ шаардлага бий. Иймд бүх зүйл тэнцвэрээ олж зөв гольдролоороо явах ёстой. Үүн дээр бид дэмжинэ ээ гэж АХБ-ны ерөнхийлөгч Такэхико Накао энэхүү айлчлалынхаа үеэр онцлон тэмдэглэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж