“Сүү тараг” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

“Сүү тараг” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Өмнөговь аймгийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөр, Өмнөговь аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2013 оны Үндсэн чиглэлд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор ИТХ-ын 30-р тогтоолоор Өмнөговь аймгийн “Сүү тараг” хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрөөр бага насны хүүхдийн хоол тэжээлийг дэмжин чанарлаг, амин дэмээр баялаг сүү тарган бүтээгдэхүүнээр хангах үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байх юм.     

Бага насны хүүхэд нь 6 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолонд шилждэг бөгөөд шилжилтийн үеийн хоол хүнсэнд агуулагдах шимт бодисын агууламж хангалтгүйн улмаас жингийн алдагдал, улмаар тураалд орж биеийн болоод оюуны өсөлт нь хоцрогдож, цаашлаад хүүхдийн өвчлөл, эндэгдэлд хүргэж байна.

Сүү цагаан идээ нь кальци, уургаар баялаг, найрлаганд нь хүний биеийн өсөлт хөгжилд хэрэгцээтэй 100 гаруй шимт бодис, нүүрс ус уураг, өөх тос эрдэс бодис  амин дэмээр баялаг, ходоодны хүчил шүлтийн тэнцвэржүүлдэг, хүүхдийн өсөлт бойжилтонд зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн юм. Тиймээс Өмнөговь аймаг орон нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл мэндэд бодит алхам хийж энэхүү хөтөлбөрийг бусад аймгуудаас анх удаа санаачлан хэрэгжүүлээд байна. Уг хөтөлбөр нь 90 сая төгрөгний өртөгтэй бөгөөд 2013-2016 оны хооронд хэрэгжих юм. “Сүү тараг” хөтөлбөрт тус аймгийн 6-12 сартай бүх хүүхэд, Хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхдүүд, болон 2 хүртэлх настай 2 ба түүнээс дээш ихэр хүүхдүүд хамрагдах юм байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэлийг сонгон шалгаруулсан бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана. Хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол хангахад гүйцэтгэгч компани, хүүхдүүдийг бүрэн хамруулахад сум, өрхийн эмч нар сайн анхаарч ажиллаж байж энэхүү хөтөлбөрийн үр дүн гарна гэж зохион байгуулагчид хэлж байна.   


С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж