“Монгол бахархал”-ын эзэд

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

“Монгол бахархал”-ын эзэд

Энэ жилийн үндэсний их баяр наадмын үдэш үзэгчдэд зориулсан шинэлэг, өвөрмөц  тоглолтууд олон байсан юм. Тэдгээр тоглолтуудаас дэлхийн сонгодогт шигшигдэн эх орныхоо нэрийг хилийн чанадад гаргаж яваа монголын балетын шилдэг гоцлоочдын тоглолт яах аргагүй онцгой байсан шүү. Учир нь наадмаар үндэсний урлаг, өв соёлын түүхээ дэлгэх харуулсан зүйлсээр л оюуны цангаагаа тайлдаг үзэгчдэдээ “Монголын балетын хөгжил сан”-гаас ээлжит гэнэтийн бэлгээ задалсан нь энэ юм. Тэд энэ удаад “Монгол бахархал” нэрийн дор энэхүү тоглолтоо хийсэн нь учиртай гэнэ. Учир нь энэ үдшийн шилдэг бүтээлийн эзэд бол дэлхийд нэртэй балетын компаниудад уригдан ажилладаг бөгөөд тэд амжилт, бүтээлээрээ олон улсад үнэлэгдэн нэр алдраа цуурайтуулсан Монголын балетын шилдэг гоцлоочид юм. Тиймээс тэднийг нэг дор үзэх ховорхон боломж наадмын үдэш тохиолоо. 

ДБЭТ-ын танхимд хонх гурвантаа жингэнэн тоглолт эхлэх гэж буйг зарлалаа. Тайзны хөшиг нээгдэн тоглолт эхэлдэг уламжлалыг энэ удаад тэд эвдэн торон хөшигний  ард тоглолтдоо бэлтгэн бэлтгэлээ базаан бие халаалтаа хийнэ. Өөр өөрийн үзүүлбэрийг бэлдэн сургуулалт хийх тэднийг тоглолтын өмнө ингэж харах нь сонирхолтой санагдсан шүү.

Тайзнаа “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн АНУ-ын “Бостон Балет” компани болон Япон улсын “Токио Комаки Балет” компанийн гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Алтанхуяг гарч ирэн үг хэлж “Монгол бахархал” тоглолтыг нээсэн юм.

Хүн төрөлхтний баяр баяслыг бий болгон олон улсад хөгжсөөр ирсэн дэлхийн сонгодог бүжгийн тавцанд хүч сорин гялалзаж яваа эдгээр Монгол залуус бүгд МУ-ын ХБК-д анх 2000 оноос эхлэн бэлтгэгдэж төгссөн балетын ангийн үе үеийн төгсөгчид юм. Бас нэгэн онцлог нь “Монголын бахархал” тоглолтод оролцох дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол бүжигчид болон өнөө цагийн Монголын балетын урлагт ид бүжиглэж байгаа балетчид бүгд Д.Дашлхагва багшийн шавь нар. Зөвхөн Монголын гэхээр үнэхээр бахархалтай. Тиймээс тоглолтыг Гавьяат жүжигчин Д.Дашлхагва багшийн шавь нарын тоглолт гэмээр. Тэрээр Монголд анх удаа орчин үеийн модерн урсгал, балет, мюзикль, ардын язгуур урлаг хосолсон шинэ урсгал чиглэлээр “Их эзэн хааны театр”-ыг үүсэн байгуулж үзэгчдэд анхны тоглолтоо хүргээд байгаа бөгөөд одоо 20 гаруй бүжигчинтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

“Монгол бахархал” тоглолтод АНУ-ын “Бостон Балет” компани болон Япон улсын “Токио Комаки Балет” компанийн гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Алтанхуяг, ДБЭТ-ын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ч.Ганчимэг, Япон улсын “NBA” балетын компанийн  гоцлол бүжигчин  А.Хангай, Япон улсын Токио хотын К-Баллет компанийн гоцлол бүжигчин Б.Батболд, Япон улсын Асами Маки балет компанийн гоцлол бүжигчин О.Лхагвасүрэн, Соёл Урлагийн Их Сургуульд бүжгийн багш, Соёлын тэргүүний ажилтан Б.Жаргал, ДБЭТ-ын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Батчимэг нар байлаа. Мөн ХБНГУ-ын Росток хотын театрын гоцлол бүжигчин Н.Энхзориг, Өмнөд Солонгос улсын И Ван Гүг балетын компанийн гоцлол бүжигчин ц.Цолмонбуд, Япон улсын NBA балетын компанийн  гоцлол бүжигчин Б.Чинзориг, ДБЭТ-ын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-Орших, ДБЭТ-ын гоцлол бүжигчин Б.Баасансүрэн, ДБЭТ-ын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан О.Ганцоож, ДБЭТ-ын гоцлол бүжигчин Б.Саруул, “Их Эзэн хааны театр”-ын уран сайхны удирдаач, гоцлол бүжигчин Б.Төгөлдөр, “Их Эзэн хааны театр”-ын гоцлол бүжигчин А.Эрдэнэболд, тус театрын бүжигчид болох Н.Ариунболд, Г.Пүрэвцэрэн, Н.Доржнамжил, Н.Ганзориг нар бүжсэн юм. Тэдэнтэй хамт Япон улсын Токио хотын “К-Баллет” компанийн гоцлол бүжигчин Мако Чан, Япон улсын “NBA балет”-ын компанийн  гоцлол бүжигчин,  Япон улсын Токио хотын “К-Баллет” компанийн гоцлол бүжигчин Анри Асай, Япон улсын Асами Маки балет компанийн гоцлол бүжигчин Икү Накагава, БНСУ-ын “И Ван Гүг” балетын компанийн гоцлол бүжигчин Пак Ён Жин, Япон улсын NBA балетын компанийн  гоцлол бүжигчин  Нанаси Тамаширо хоршин дэлхийн шилдэг балетын гоцлолууд болон Д.Дашлхагва багшийн дэглэсэн модерн бүжгийг толилуулсан.

Энэ үдшийн эздээс олон жилийн хөдөлмөр, тэсвэр тэвчээрээс төрөн гарсан эрч хүч, хурд, ур чадварыг тольдон харсан юм. Тэд дуулдаггүй, ярьдаггүй, зөвхөн хөгжмийн хэмнэлд үйл хөдөлгөөн, харц, биеээрээ үзэгчдэд бүхнийг дүрслэн ойлгуулдаг гайхалтай хүмүүс. Тэд л тэнгэрт өд мэт дүүлэн  нисч, өлмий дээрээ дэвэн бүжин үзэгчдэд сонгодог урлагийн гайхамшиг болон орчин үеийн модерн бүжгийн хэмнэл хэрхэн сонгодогтой хослон буйг дэлгэн харуулсан юм.

Энэ үдшийн сонгодог бүжгийн гоцлолуудаас хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцаннорвын “Цагаан суврага” аялгуунд бүжсэн гоцлол бүжгийг онцлон хэлэхгүй байхын аргагүй. Хэн бүхний мэдэх энэ л аялгуунд Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Б.Жаргал, А.Хангай, О.Лхагвасүрэн, Б.Баттулга нар балетын хувцасаа үндэсний гайхалтай дээлээр солин монгол эрийн сүр хүч, чадлыг ардын бүжгийн үндсэн хөдөлгөөнүүдийг сонгодог бүжгийн элментүүдтэй хоршуулан бүжсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ аван халуун алга ташилтаар харамгүй шагнуулсан шүү.

“Монгол бахархал” болсон Д.Дашлхагва багшийн гайхалтай шавь нарын ур чадвар, авьяасыг нэг дор тольдох боломжийг олгосон “Монголын балетын хөгжил сан”-гынхандаа баярлалаа.

“Монгол бахархал” тоглолтын зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж