“Шоу гэдэг бол гоё хөгжим, уух л юм даа”

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

“Шоу гэдэг бол гоё хөгжим, уух л юм даа”

Бороо шивэрсэн нэгэн орой “Панк энд Реп” хамтлагийхантай ярьж суулаа. Уг хамтлагийн хоёр гишүүн саяхан кинонд тоглож, гол дүрийг нь бүтээжээ. Харин киноны дууг нь Эгшиглэн, “Opozit” хамтлагийн Гантулга нар хамтран дуулсан бөгөөд “Шөнө дундын яриа” кионы уран бүтээлчид хамтран ажиллажээ.

“Панк энд Реп” бүжгийн хамтлаг анх долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бөгөөд одоогоор найман хүний бүрэлдэхүүнтэй бүжиглэж байгаа. Шижирээ, Тэнүүн, Бэлгүүнээ, Очко, Хүлгээ, Чой, Сэкү болон Санжаа гэсэн гишүүдийн  бүрэлдэхүүнтэй залуусын ярианаас шоу болон энгийн л залуусын амьдралыг үзэх үзлийг харж бас болох бизээ.

-Танай хамтлагийнхан бүжиглэх сонирхолтой хүүхдүүдэд зориулаад сургалт явуулдаг гэсэн?

-Тиймээ, бид сургалт явуулахаар болж, анхны элсэлтээрээ 70 хүүхэд авч байсан. Тэр үед бид бүгдээрээ оюутан байсан. Бидний Модны хоёрт байрлах байр маань багадаад, мөн оюутнууд учир цаг зав ч хэцүү байсан. Тиймээс сургалтаа зогсоож байсан. Харин хоёр жил завсарласны эцэст Намуун хотхонд “S line” гэдэг газар сургалтаа явуулж эхлээд байна. Бүжгийн сургалтад анхан ба ахисан түвшинд хүүхдүүдээ сургадаг.

-Ямар шаардлагаар хүүхдүүдээ дараагийн шатанд сургаж авдаг вэ?

-За хүний биеийн эвсэл юмуу даа. Хүүхдүүд биеийн эвсэл нь сайжраад ирэхээр, мөн авьяасыг нь харж байгаад дараагийн түвшиндээ авдаг. Хүүхэд өөрөө л сонирхолтой байвал ахиад явчихдаг.

-Бүжгээр хичээллээд олж авдаг давуу тал эсвэл сул тал нь юу вэ?

-Бүжиг бол маш олон сайн талтай. Бүжгээрээ олон зүйлийг олж авсан маш олон хүн байдаг. Манай хамтлагийн хувьд хамгийн сүүлд бүжгийнхээ ачаар Ерөнхийлөгчтэйгээ хүртэл уулзсан. Сул тал гэхээр юм байхгүй ер нь тухайн хүний ухамсарын л асуудал шүү дээ.

-Бүжиг гэдэг урлаг ухамсарын хувьд юу өгдөг вэ?

-Хатуужил. Ер нь сүүлд бодоод байсан чинь бүжиг гэдэг зүйл маш их хатуужлыг шаарддаг юм байна лээ.

-Та нарын хамгийн эрэлттэй үе буюу хамгийн их завгүй улирал?

-Бүжиг өөрөө ер нь улирлын чанартай байдаг. За өвөл шинэ жилийн үеээр бол их ачаалалтай байдаг. Албан байгууллага сургуулиудаар явж бүжиглэдэг. Харин шинэ он гаргаад ерөнхийдөө зогсонги болоод ирдэг. Зун болохоор хөдөлгөөнд ороод ирнэ. Хэд хэдэн газруудтай хамтарч ажиллах санал тавьдаг. Харин намар сургуулиудын танилцах үдэшлэгүүдээр явж бүжиглэдэг.

-Үнэ хөлсний хувьд хэдээр бүжиглэдэг вэ?

-Аль болох хүмүүс таньдаг хүнээрээ яриулж бүжиглүүлэх гээд байдаг. Зарим арга хэмжээнд тэгээд байдаггүй. Ер нь бол 50-300 мянган төгрөгөөр бүжиглэдэг.

-Танай хамтлагийнханы энэ жилийн төлөвлөгөө гарсан уу? Цэцэгийн тоглолтон дээр бүжиглэнэ гэж байна. Саяхан “RED CUP” гээд шоун дээр ирж бүжиглэжээ. Энэ жилийн хувьд юу хийхээр төлөвлөж байна?

-За энэ жил бол арга хэмжээнд бүжиглэхээсээ илүүтэй “ХИП ХОП” урлагт хүч сорьж үзэх гэж байгаа. Саяхан Эгшиглэн, “Opozit” хамтлагийн Гантулга хоёртой хамт киноныхоо дуун дээр хамтарч ажиллалаа. Цаашдаа бас энэ чиглэлээр оролдоод үзэх сонирхолтой байгаа. Яг од болох хүслээр энэ чиглэлээр дуулах гэж оролдоод байгаа юм бол биш. Бүр багаасаа энэ урлагийг сонирхсон болохоор дуртай зүйл рүүгээ тэмүүлээд явна. 

-Танай хамтлагт эмэгтэй гишүүн харагдахгүй байсан?

-Анхнаасаа найзуудаараа л байгуулсан болохоор манай хамтлагт эмэгтэй гишүүн байхгүй дан эрэгтэй хүүхдүүд байгаа.

-Найз охидуудтай юу?

-Манай хамтлагийн ахлагч Тэнүүн, Шижирээ нар найз охидуудтай. Харин бусдыг нь хүн тоохгүй юм байна шүү дээ. /инээв/

-Мэдээж бүгдээрээ залуу хүмүүс мөрөөдөлтэй л байлгүй, юу мөрөөдөж юунд зорьж байна?

-Ямар ч байсан хийсэн юмтай хүнд харуулахаар юмтай болох гэж хичээж байна. Өөрсдийн мэргэжлээрээ Монгол улсдаа бас нэг юм хийчихье гэж боддог.

-Тодорхой хэлбэл?

-Угаасаа нас ахих тусам мөрөөдөл гэдэг зүйл чинь бүдгэрдэг юм шиг санагддаг. Яг тодорхой гэхээр хамтлагийн гишүүдийнхээ өмнөөс бол хэлж чадахгүй гэхдээ түрүүн хэлсэнтэй бүгд нэгдэх байх.

-Сүүлийн үед их олон шоу болж байна? Ер нь шоуны талаар ямар бодолтой байгаа вэ? Зөв юм болов уу? Буруу юм болов уу?

-Гүн гүнзгий асуулт тавилаа. Ер нь шоу гэдэг бол гоё хөгжим уух юм л даа. Дуу, хөгжимгүйгээр шоуг төсөөлөхөд хэцүү ш дээ. Ер нь их залуужсан байсан. Насанд хүрээгүй хүүхдүүд их шоуддаг болсон байна лээ. Биднийг эцэг, эх маань сайтар сургаж, хүмүүжүүлжээ. Харин сүүлийн үеийн хүүхдүүд их том толгойтой эсвэл суран тэлээ нь багадаад байгаа  юм болов уу гэж анзаарагдсан. Нилээд шоунууд залуужсан янз янзын юм уугаад явж байгааг харахад их харамсалтай санагддаг. Эсвэл нийгэм нь үнэхээр тэгтлээ их эвдрээд байгаа юм уу? Хэдэн жилийн өмнө зүгээр л зурагтаар л гардаг байсан хар тамхины хэрэг. Харин одоо бол их нийтлэг, элбэг гардаг болсон байна лээ.

-Ер нь урлаг нийгэмд маш их нөлөөлдөг та нар залуучууддаа хэрхэн нөлөөлнө гэж боддог вэ? Сүүлийн шоуг харж байхад “Ice top” ч юм уу залуучуудад маш их нөлөөлж байгааг нь харагдлаа. Тайзан дээр нилээд халаалттай дуулж байсан. Магадгүй энэ нь муу нөлөөлөл болоод байгаа ч юм шиг санагддаг та нар юу гэж боддог вэ?

-Ганц “Ice top” ч биш ер нь монголчууд бол бүхэлдээ архи гэдэг зүйлд автсан юм шиг санагддаг. Манай хамтлагт архи ууж, тамхи татдаг хүн байдаггүй. Уухаа хүрвэл тааруулж уух байх. Манайд Европын соёл орж ирэх хараахан болоогүй, хэсэг хугацааны дараа л өөрчлөгдөж магадгүй.

-Яг бүжгийн урсгалаар дэлхийн тавцанд гишгэж тэнд өрсөлдөж чадна гэсэн итгэл байна уу?

-Бид нар өөрсдөө бол тэгэх бодолгүй байна. Харин араасаа гарч ирж байгаа залуу үеийнхэнийгээ тийш нь өрсөлдүүлэх бодолтой байгаа. “Assume and rap” гээд хамтлагаа бид сайн бэлдэж байна. Саяхан болж өнгөрсөн “SBN” телевизийн зохион байгуулсан “DANCE ON” тэмцээнд тэд оролцсон. Түрүүлээгүй ч шилдэг хамтлагуудад нь ороод үлдэж чадсан. Цаашдаа эдгээр хүүхдүүдээ бэлдэж олон тэмцээн уралдаанд сорих бодолтой явна.

Нийгэм дунд буцалж буй залуусын ихэнх нь маш залуужиж байгаа. Харин бүх салбар залуужихын хирээр өнөөх мөрөөдөж зориод байгаа нь бүдгэрээд ч байгаа юм шиг. Ихэнх залуучуудын хэлдэг үг “ямар ч байсан ирээдүйд хүний дор орохгүй сайхан амьдралтай байх” гэж л хариулдаг болж дээ. Хэрвээ залуусын мөрөөдөл бүдгэрч ирвэл Монголын ирээдүй бүрхэг болох бизээ.






Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж