Хулгайлагдсан зургуудыг шатаажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Хулгайлагдсан зургуудыг шатаажээ

Роттердамын Kunsthal музейгээс зургууд хулгайлсан хэрэгт сэжиглэгдсэн  хүмүүсийн нэгийн эх нь хүүгийнхээ хулгайлсан зургуудыг зуухандаа шатаасан гэж ярьжээ. Румыны хууль хяналтынхны мэдээнд үндэслэн энэ талаар Associated Press долдугаар сарын 16-нд мэдээлэв.

Анри Матиссийн зураг өлгөөтэй байсан хана.
Фото: Robin Utrecht / AFP

Сэжигтэн Раду Догаругийн эх Ольга Догару мөрдөн байцаагчид ярихдаа энэ жилийн эхээр хүүгээ баривчлагдсаны дараа айгаад бүх ул мөрийг нь устгах гэсэн гэжээ. Эхлээд тэрээр хулгайлагдсан долоон зурагтай чемоданыг оршуулгын газарт газар булсан байна. Сарын дараа тосгонд нь нэгжлэг эхлэхэд тэрээр зургуудыг буцаан авчраад гэрийнхээ зууханд  шатаасан гэнэ.

Одоо Румыны түүхийн үндэсний музейн шинжээчид Ольга Догаругийн гэрийн зуухны үнсэнд шинжилгээ хийж байна. Уг шинжилгээ их нарийн учраас хэдэн сарын хугацаатай ажээ. Үүний дараа л зургуудын хувь заяаны талаарх дүгнэлтийг хийж болно гэж мөрдөн байцаагчид хэлж байна.

Нидерландын Роттердам хотын Kunsthal музейд 2012 оны аравдугаар сарын 16-ны өглөөний гурван цагийн үед хулгай орж, хоёр минутын дотор Пикассо, Гоген, Матисс, Люсьен Фрейд, Мейер де Хаан, Клод Моне (хоёр зураг) нарын нийт долоон зургийг аваад гарчээ. Галереин 20 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд эдгээр зургууд тавигдсан байлаа.  Нийт зургуудыг 100-200 сая еврогоор үнэлж  байгаа.

Музейн хулгайн хэргээр анх өнгөрсөн нэгдүгээр сард Румынд гурван хүнийг баривчилсан ба тэд хэргээ хүлээгүй байгаа. Мөн тэр сардаа Румыны нэртэй загвар бүтээгч Каталина Ботезатугийн туслахыг барьсан байна. Гуравдугаар сарын эхээр өмнө баригдсан гурван хүний нэгийн найз бүсгүйг Роттердам хотод баривчилжээ. Баригдсан бүх хүмүүс  хэргээ хүлээхгүй байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж