Гэрээний төсөлд энэ гэрээг байгуулсан өдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн долдугаар зүйлд заасан бүх татвар /аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар/-ыг төлөх, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 29 зүйлийн 1.1-д заасанчлан зарим татваруудыг тогтворжуулах /царцаах/-аар тусгажээ. Гэхдээ аль татварыг тогтворжуулах талаар дурьдсангүй. Мөн хөрөнгө оруулагч тал гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хэдий хугацааны дотор олборлолтын ажлыг эхлүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг хэдий хугацаанд ямар хэмжээгээр нэмэгдүүлэх нь тодорхойгүй. Хуульд заасанчлан Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулахаар тусгасан хэрнээ хэдий хугцааны дотор ямар графикаар хөрөнгө оруулалт хийх нь тодорхойгүй. Харин гэрээний долдугаар зүйлд хөрөнгө оруулагч тал орон нутаг болон бус нутгийн хөгжлийг дэмжих арга замын тухай, наймдугаар зүйлд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн бараа үйлчилгээ, тоног төхөөрөмж, түүхий эд, хангамжийн материал, сэлбэг хэрэгслийн үнэ өртөг, нийлүүлэх хугацаа, тоо хэмжээ, чанар нь өрсөлдөхүйц түвшинд байх тохиолдолд тэдгээрийг тэргүүн ээлжинд худалдан авах тухай заасан байна. Гэвч шударгаар хэлэхэд, монголчуудын өрсөлдөх чадвар ямархуу тувшинд байх нь ойлгомжтой л доо. Хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа хөдөлмөр эрхлэлтийн асуудал гэрээний есдүгээр зүйлд орсон бөгөөд хөрөнгө оруулагч болон түүний туслан гүйцэтгэгчийн нийт ажиллагсдын 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх, үйлдвэрлэлийн өмнөх шат буюу барилгын ажил гүйцэтгэх хугацаанд нийт ажиллагсдын 60-аасдоошгүй хувьд монгол ажилчдыг ажиллуулах, гадаад улсаас ажиллагсдын тоо хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн ажлын байр тутамд Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг хөрөнгө оруулагч болон туслан гүйцэтгэгч компани төлөхөөр зохицуулсан аж. Монгол инженер, ажиллагсдыг сургаж бэлтгэх ажлыг ч мөн л хөрөнгө оруулагч талд үүрүүлжээ.
Энд ч мөн аанай л нэг асуудал тодорхойгүй үлдсэн нь монголчуудын хүсч мөрөөдөөд байгаа баяжуулах/угаах/ үйлдвэрийг хэзээ ашиглалтад оруулж, хэдий хугацааны дараа хүчин чадлыг нь ямар хэмжээнд хүргэх вэ гэдэг асуулт. Нэг үгээр хэлбэл өмнө нь Оюутолгойн орд дээр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй харьцуулахад Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд ямар ч шинэ зүйл алга. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд стратегийн онц чухал ач холбогдол бүхий Тавантолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл биш, харин аль нэг улсад хэрэглэгдэж байсан энгийн л нэг загвар гэрээг хуулаад аваад ирсэн мэтээр харагдаж байна. Мэдээж хөрөнгө оруулагч тал нь тодорхойгүй, хэлэлцээрийн ширээнд суух хүн байхгүй, техник эдийн засгийн үндэслэл гараагүй гэдгээр шалтаглаж болох ч үүнээс илүүтэйгээр Засгийн газар энэ удаа анхаарал татсан гол гол асуудлууд дээр зориуд хариуцлагаас бултаж, хөрөнгө оруулалтын гэрээг задгайгаар УИХ дээр оруулж, маргааныг хагалахыг хүсээ юу гэлтэй. Ядахдаа л Монголын тал хэдий хэмжээний урьдчилгаа төлбөр авах вэ гэдэгт хариулт өгөх хүн байхгүй байна. Сангийн сайд С.Баярцогт нэг удаа “Наад зах нь нэг тэрбум ам.долларын урьдчилгаа авах боломжтой” гэж хэлээд хэлээ сугалуулах шахсанаас хойш Засгийн газар энэ талаар ам ангайхаа больсон. Төслийн ажлын хэсгийн ахлагч, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өргөн барьсныхаа дараа ч урьдчилгаа төлбөрийн хэмжээг хэлэхээс татгалзсан.
Оюутолгойн ордын гэрээнээс бид зөвхөн ганцхан төрлийн урьдчилгаа татвар авсан бол Тавантолгойн ордоос гурван төрлийн урьдчилгаа татварыг, тэгэхдээ хүүгүйгээр авах боломжтой гэж Сангийн сайд тэр үед ярьж байсан. Харин өнөөдөр Засгийн газар зөвхөн Тавантолгойн орд ямар үнэтэй орд вэ гэдэгт ч хариулт өгч чадахгүй байна. Уг нь энэ бол хөрөнгө оруулагч нь хэн байхаас, түүний боловсруулах ТЭЗҮ-ээс нэг их шалтгаалаад байх зүйл биш л дээ. Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, түүний хавсралт болох нүүрс олборлох гэрээний төслүүдтэй хамт тендерт оролцох компаниудын сонгон шалгаруулалтын журмыг мөн УИХ-д оруулж ирээд байгаа. Хөрөнгө оруулагч нь тов тодорхой байсан Оюутолгойн ордын гэрээг батлах гэж УИХ бүтэн зургаан сар хэрэлдсэн юм чинь Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг батлах гэж “зуун жил” болох нь л дээ. Тэгээд ч хөгжлийн иймэрхүү том төслүүд дээр, юм болгон дээр УИХ оролцоод, мэдэх мэдэхгүй нөхдүүд хошуу амаа нэмж, нэрмээс болж байхаар Засгийн газартаа эрхийг нь өгөөд хариуцлагыг нь үүрүүлээд явах нь илүү дээр ч юм шиг. Учир нь УИХ-ын шийдвэр олонхийн шийдвэр байдаг учраас хариуцлага хүлээх хүн үгүй. Харин Засгийн газар алдаа гаргасан цагт Ерөнхий сайдтай ч, танхимтай ч хариуцлага тооцож болдог.