Сайдууд амрах цаг мөн үү?

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Сайдууд амрах цаг мөн үү?

Наадмын дараа намар залгаж өвлийн бэлтгэлээ базаахаар тал бүрт ажил өрнөдөг ч Засгийн газрын танхимын сайд нарын хувьд амралт нь эхлэв. Сайд нарын амралт албан ёсоор өнөөдөр эхэлж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимын гишүүддээ 10 хоног амрах эрх олгосон нь энэ аж.

Сайд нарын ая талыг хараад “Гудамж” төслийн нээлт, “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт шил дараалан хойшилсон бол долоо хоног бүрийн пүрэв гаригт зарлагддаг “Ерөнхий сайдын 30 минут уулзалт”, бямба гариг бүрт болдог Засгийн газрын ээлжит хуралдаан мөн хойш татагдах болж байна.

Аливаа албан байгууллага, аж ахуйн нэгж ажилтнууддаа ээлжийнх нь амралтыг олгохдоо нэгэн зэрэг бус ээлж дараагаар өгч, ажил цалгардуулахгүй байх боломжийг эрэлхийлдэг бол Шинэчлэлийн Засгийн газрын танхимын хувьд “Улс орны ажил нурна уу, явна уу падгүй” гэсэн шиг нуруугаа харуулан нэгэн зэрэг амралт авав.

Уг нь өнгөрсөн жил УИХ-ын сонгууль болоход Н.Алтанхуяг дарга “Бид сонгуульд ялахгүй бол улс орон сүйрлээ. Хөгжлөөс хоцорлоо” хэмээн мэдэгдэж олонхи болсон нөхцөлд найр наадмыг умартан зөвхөн ажлын төлөө тэрэгний морь шиг зүтгэнэ” хэмээж байв. Одоо тэгтэл бодит байдал энэ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад ердөө 1 жил болохын даваан дээр хэлсэн үг ул болов. Бүр бие биедээ албан ёсоор чөлөө олгоод талийж өгөх нь тэр. Гэтэл ар хударгаар нь “Чингис бонд”-ын өр өдөр ирэх тусам өсч, Монгол Улсын иргэн бүрийн нуруун дээр хүүгийн дарамт хуримтлагдсаар. Ядахад, нүүрсний үнэ унасан төдийгүй экспортын хэмжээ буурснаас төсвийн орлого бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж, тэр хэрээр гадаад худалдааны алдагдлыг улам ихэсгэв. Эдийн засаг ийн таатай бус, яая даа гэж байхад сайд нар амрах бус ажиллах ёстой байлтай.

Инфляци буурсан тухай сайхан мэдээг Үндэсний статистикийн хорооноос наадмын өмнөхөн зарлав. Гэвч нийслэлчүүдийн хувьд хоол хүнснийх нь гол хэрэглээ болсон махны үнэ буурсангүй. Наадмаар далимдуулж худалдаачид махны үнийг улам өсгөлөө. Нэг кг үхрийн мах 12 мянган төгрөгт хүрсэн бол шөлний хонь 200 мянган төгрөгөөс хол давсан. Тэтгэврийн хөгшчүүл шинэ хонины шөл уухын тулд банкны гадаа дугаарлаж, тэтгэврийн зээл аван байж, авсан хэдэн бор төгрөгөө төлгөнд өргөөд дуусгав. Уг нь өдийд махны үнэ бага зэрэг буурдаг ч өнөө жил эсрэгээрээ өссөн. Тэгтэл инфляци буурсан гэдэг мэдээлэл цацагдаад байдаг. Будаа, элсэн чихэр, бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ улам л өслөө. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш өссөөр байгаа нь импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж буй тухай худалдаачид хэлж байна. Нөгөөтэйгүүр, Монголбанк бодлогын хүүгээ бууруулсан нь нэг талдаа зээлийн хүү буурах бололцоог бий болгосон ч нөгөө талдаа гадаад валютын ханш чангарах суурь болсныг сануулах эдийн засагчид ч байна.

Амарч болно, бололгүй яахав. Гол нь нэгэн зэрэг ажлаа умартан, улс орныхоо ажлыг цалгардуулах эрх тэр тусмаа сайд нарт байх ёсгүйг сануулчихъя. Хэн та нарын өмнөөс ажиллах юм бэ?

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж