Туслан гүйцэтгэгчид ноёрхлоо тогтоож мэдэх нь

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Туслан гүйцэтгэгчид ноёрхлоо тогтоож мэдэх нь

Туслан гүйцэтгэгчид ноёрхлоо тогтоож мэдэх нь
Тавантолгойн орд газрыг хэрхэн ашиглах талаар өдгөө УИХ дахь Ардчилсан нам болон МАХН-ын бүлэг хэлэлцэж байгаа. Чуулганы хуралдаанд өнгөрсөн долоо хоногт оруулах ёстой байсан ч асуудлыг нэг мөр тохиролцоогүй учраас хойшлуулсан гэх. Тэгвэл хойшлох болсон шалтгаан нь юу вэ. Ашигт малтмалын тухай хуулийг он удаан жил хэлэлцсэний эцэст 2007 онд баяр наадмын өмнөх өдөр баталсан нь өдгөө ч хэл ам дагуулсаар байдаг. Үүний нэгэн адил Тавантолгойн ордын асуудлыг ч тэрхүү олон түмний баяр талархал дунд хөнгөн хэлцэл байдлаар эцэслэн шийдэж мэднэ. Учир нь, УИХ ч, Засгийн газар ч энэ асуудлыг удаах сонирхолгүй байгаа бөгөөд “Хүний хөгжил сан”-гийн дараагийн санхүүжилтийг дээрх ордын оператор компаниас гаргуулахаар нэгэнт санаа шулуудсан юм. Сонгуулийн амлалтаа нэхэл хатуутай сонгогчдын өмнө хурдан хугацаанд биелүүлэхээс өөр гарцгүй болсон гүйцэтгэх засаглалын хувьд Тавантолгойг хоёр хуваах төлөвлөгөөг аль хэдийнэ боловсруулсан. Ингэснээр Тавантолгойн үндсэн орд дөрөв хуваагдана. Мэдээж “Тавантолгой транс”-ын эзэмшдэг орд болон “Энержи ресурс”-ын Ухаа худгийг оруулбал шүү дээ.

Гэхдээ Засгийн газар одоо өөрсдийн мэдэлд үлдсэн 6.4 тэрбум тонн нүүрсний учрыг олох шаардлагатай тул дээрх хоёр ордыг тойргийн гадуур авч үзэх хэрэгтэй биз. Ингэхдээ эхний хэсгийг нь дотоодын хөрөнгө оруулагчдадаа ашиглуулна. Ингэхдээ “Эрдэнэс МГЛ” зуун хувь эзэмшиж, хувьцаа гаргах замаар дотоодын үйлдвэрлэгчдийг татаж оролцуулна. Үүнд хамгийн том оролцогчийн эрхийг “Монгол 999”-д өгөх сураг бий бөгөөд тэдэнд өөрсдийн туслан гүйцэтгэгч буюу оператор компаниа хилийн чинадаас туршлагатай хамтрагчдаас сонгох болзол тавих гэнэ. Энэ нэгдэлд Монголын 1800 гаруй аж ахуйн нэгж багтаад байгаа юм. Нэрэн дээрээ үндэсний нэгдэл гэх тодотголтой ч нийтдээ Монголд 30 мянга гаруй аж ахуйн нэгж байгаа гэдгээр тооцвол тэдний эрх ашгийг хаана хавчуулах нь тодорхойгүй байгаа гэхэд болно. Иймд үүсгэн байгуулагчид нь зөвхөн өөрсдийн бүрдүүлсэн тойргийн хүрээнд бус Монголын бүх аж ахуйн нэгжийн хүрээнд оролцоог нь тэгшитгэх үүргийг Засгийн газраас өгөхөд нэг их буруудахгүй л болов уу. Харин хоёр дахь хэсэгт нь цэвэр гадаадын хөрөнгө оруулагчид ажиллана. Тэнд төмөр замын асуудал нь шууд эзнээ олсон байх бөгөөд “Оросын төмөр зам нийгэмлэг” уг ордыг эзэмших бус дэд бүтцийг нь атгах замаар өөрсдийн монополь байдлыг хадгалж үлдэхийг чухалчилж буй. Түүнчлэн Хятадын “Шинхуа” групп ч Монгол дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хямд өртөг бүхий нүүрсний худалдан авагч байх боломжоос хэзээ ч сайн дураараа татгалзахгүй нь мэдээж.

Мөн Америк, Япон, Өмнөд Солонгос зэрэг гуравдагч хөршийн статусаар эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн тэдний оролцоог хэрхэн тэгшитгэх тухай санал ч Засгийн газарт идэвхтэй яригдсан гэдэг. Тэднийг Тавантолгойн тойргийн гадна үлдээснээр зөвхөн Орос, Хятад гэх хоёр хөршийн эрх ашгийн тэнцэлд уг ордын хойшдын “хувь заяа” хэрхэх нь тодорхой харагдаж буй учраас тэр биз ээ.

Энд нэг анхаарал татаж буй зүйл нь төр Тавантолгойн ордыг зуун хувь эзэмших юм бол туслан гүйцэтгэгч буюу оператор компаниуд нь яагаад тийм их эрх мэдэлтэй байна вэ гэдэг асуудал. Оюутолгойн орд газрын хувьд хөрөнгө оруулалтыг нь зуун хувь даасан “Айвенхоу майнз” болоод “Рио Тинто”-гийн эдлэх ёстой эрхэд давуу тал байх нь ойлгомжтой. Харин Тавантолгойн туслан гүйцэтгэгч компанийн эрх мэдлийг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хөрөнгө оруулагчийн эрхтэй адилтгаж өгсөн нь цаашид асуудал дэгдээж мэдэх юм. Нэг ёсны гадаадын хөрөнгө оруулагчдын оролцох хоёр дахь хэсэгт Монголын нөлөөлөл байхгүй шахам тусгагдах нь өдгөө тарааж бутаргасан Тавантолгойд хэн “ноён” суух вэ гэдэг асуултыг хариултгүй үлдээж байна. Иймд монголчууд иргэн нь юм бол энэ ордын баялгаас хувь хүртэж, эдийн засгийн сэтгэл ханамжийн баталгааг нэхэх эрхтэй гэдгээ цаг ямагт сануулах үүрэгтэй гэдгийг сануулах нь зүйн хэрэг юм. Эхний хэсгээс нь монголчуудад хувь хүртээчихээд үлдсэн хэсгийг нь гадаадын туслан гүйцэтгэгч компанийн эрх мэдэлд үлдээвэл тэнд хэн ашиг хүртэгч болох вэ гэдэг нь тодорхой санагдана. Ямартай ч тарааж бутраах хүсэлтэй Засгийн газрын эл санаачилгад УИХ тодорхой хариулт өгч, наадмын өмнөх өдрийн амлалтын бялуу болгохгүй хэмээн найдахаас өөр аргагүй. Гэхдээ энэ найдварыг үл итгэх эргэлзээ дагалдаж буй гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Г.ОТГОНЖАРГАЛ.
ЗОХИОГЧИЙН ЭРХ: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” СОНИН.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж