Дээд хэмжээний уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Дээд хэмжээний уулзалт эхэллээ

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөний дээд хэмжээний гуравдугаар уулзалт Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо эхэллээ. Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөө нь дэлхий даяар тулгарч байгаа асуудлуудыг Азийн бүс нутгийн хэмжээнд шийдвэрлэх, аюулгүй байдал, энхтайвныг тогтоох талаар нэг үзэл санааг тунхаглах, харилцан итгэлцэх зорилгоор бий болсон юм. 

Энэ уулзалтад 20 гаруй гишүүн орны төр, засгийн тэргүүн нар оролцож байна. Монгол, Афганистан, Азербайжан, Иран, Казахстан, Сири, Украин, Македон, Палестин улсуудын ерөнхийлөгчид, Ирак , Вьетнам улсуудын  дэд ерөнхийлөгчид, ОХУ-ын  ерөнхий сайд, Кувейтийн хаан, Камбож, Хятад улсуудын ерөнхий сайдын орлогч болон төрийн зөвлөлийн гишүүд оролцож байгаа аж. Мөн найман орны гадаад хэргийн сайд нар ирсэн байна. 

 Дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө, ажиглагч статустай байсан Вьетнам, Ирак улсуудыг гишүүн орноор элсүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Ингэснээр АХАИБЗ-ий гишүүн орнуудын тоо 22 болж, Азийн газар нутгийн 90 хувийг, дэлхийн хүн амын тал хувийг хамрах боллоо. 
Үдээс өмнөх хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

“Энэхүү дээд хэмжээний уулзалтын дүнд гаргаж буй тунхаглалд тусгалаа олж, гишүүн орнуудын дэмжлэгийг хүлээж  буй Монгол улсын цөмийн зэвсэггүй статусын талаарх болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт байгуулсантай холбогдсон саналууд бол Ази тивд аюулгүй бөгөөд тогтвортой байдлыг хангах, улмаар тус тивийн улс орнуудын хооронд  эдийн засаг, дэд бүтцийн өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замыг эрэлхийлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тив, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх бусад улсын саналуудыг бид дэмжиж байна. Энэ утгаар, 2010 оны дөрөвдүгээр дүгээр сарын 8-нд Оросын Холбооны Улс, Америкийн Нэгдсэн Улс цөмийн зэвсгийг хорогдуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан явдлыг бид сайшааж байна. Цөмийн зэвсгээс ангид Төв Азийн бүс байгуулагдсаныг бид талархан сайшааж байна. Эдгээр үйл явдал нь бүс нутгийн аюулгүй байдал, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж буй гэж үзэж байна” хэмээснийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж