Хүн ам зүйн бодлогын асуудлаар чуулна

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Хүн ам зүйн бодлогын асуудлаар чуулна

Өнөөдөр “Хүн ам зүйн цонхны үе хөгжлийн бодлогын зарим асуудлууд” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд зохион байгуулагдана.
Энэхүү Үндэсний зөвлөлдөх уулзалтын зорилго нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байрыг бий болгох Засгийн газрын зорилтын хүрээнд Хүн ам зүйн цонхны үеийн боломжийг үр дүнтэй ашиглах, энэ асуудлыг хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлэх асуудалд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, бодлогын зөвлөмж гаргахад оршиж байгаа юм.

Тухайн улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэж, төрөлт буурснаар хүн амын өсөлт удааширч, насны хэв маягийн хувьд нийгэм-эдийн засагт ач холбогдол бүхий хөдөлмөрийн насны хүн ам хамгийн их байх үе буюу “хүн ам зүйн цонх”-ны үе эхэлдэг гэж үздэг. Энэ үеийг зохистой ашиглаж чадвал хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтийн хурдыг түргэсгэснээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэн иргэн бүр хадгаламж, хуримтлалтай болох нөхцөл бүрддэг байна. Гэвч тодорхой хугацааны дараа “хүн ам зүйн цонх”-ны үеийн энэхүү боломж хаагдсанаар насны хэв маягийн дараагийн үе болох хүн ам насжих үйл явц эхэлнэ. Хүн амын насжилтын үед ахмад настанд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн хамгааллын зардал нэмэгдэж, төсөвт багагүй ачаалал нэмэгддэг байна.

Харин манай улсын хувьд 1970-аад оны дунд үеэс буурч эхэлсэн төрөлтийн төвшин 1990-ээд оноос эрчимжсэн бөгөөд 2000-аад оны дунд үеэс харьцангуй тогтворжиж ирсэн. 1979 онд манай улсын хүн амын 44.3 хувь нь 0-14 насны хүүхэд, 48.5 хувь нь 15-59 насны хөдөлмөрийн насны хүн ам байсан бол 2008 оны байдлаар 28.1 хувь нь 0-14 насны хүүхэд, 65.8 хувь нь 15-59 насны хүн ам болж, насны бүтцийн хувьд ихээхэн өөрчлөгдөж, “Хүн амын цонх”-ны таатай үе эхэлснийг илтгэн, улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хүн амын орлого, амьжиргааг дээшлүүлэх, хүн амын амын өсөлтийг дэмжих зэргээр энэ үеийг оновчтой ашиглахыг сануулж байна. Хэтийн тооцооноос харахад хөдөлмөрийн насныхны нийт хүн амд эзлэх хувь 2025 оныг хүртэл 66.4 хувиас буурахгүй байгаа нь хүн ам зүйн цонхны үе манай оронд 2025-2030 он хүртэл үргэлжлэхээр байгааг харуулж байна.

Энэ үеийн боломжийг үр өгөөжтэй, оновчтой ашиглах асуудал нь Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бодлогын цөм нь байх ёстой юм. Хэрэв энэ үеийг зохистой ашиглаж чадахгүй бол ирээдүйд олон сөрөг үр дагавар, дарамтыг бий болгох болно. Тухайлбал, ажлын байргүй ажиллах хүчний өсөлтийн улмаас ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх, үүнийг дагаж гэмт хэрэг, хүчирхийлэл, архидалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд гаарах нөхцөл болох ба тодорхой хугацааны дараа төрөөс үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээтэй холбоотой ихээхэн дарамтыг бий болгож болзошгүй.

Иймд Хүн ам зүйн цонхны үед хүн ам, гэр бүлийн бодлогыг оновчтой тодорхойлох, энэ үеийн боломжийг хамгийн үр ашигтайгаар ашиглаж, эдийн засгийн өсөлтийг хурдасгах, ялангуяа уул уурхайн эдийн засаг түшиглэсэн энэ цаг үед энэхүү хүний нөөцийг оновчтой байршуулах талаар бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эдийн засагчид, хүн ам зүйчид зэрэг бүхий л талыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, үзэл бодлыг нь сонсох, бодлогын хувилбарыг боловсруулах шаардлага гарч байгаа тул энэхүү Үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар болсон байна.

“Хүн ам зүйн цонхны үе хөгжлийн бодлогын зарим асуудлууд” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох юм. Энэхүү арга хэмжээг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, НҮБ-ын Хүн амын сан, МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төв хамтран зохион байгуулж байгаа ажээ.
     Зөвлөлдөх уулзалтаас “Хүн ам зүйн цонх”-ны үе, түүнийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын ойлголт мэдлэг сайжирч, Монгол Улсын хөгжлийн бодлого болон “Хүн ам зүйн цонх”-ны үе дэх хүн ам, гэр бүлийн хөгжлийн бодлогын уялдаа холбооны талаар зөвшилцөлд хүрч, бодлогын зөвлөмж гарна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж